Дэлхийн өлсгөлөнтэй тэмцэх хүрээнд хийгдсэн ажил
Шинэ оны өмнөхөн Дорнод аймгийн Чойбалсан хотод Бүгд найрамдах Ардчилсан Солонгос Улсаас ирсэн ачааны онгоцоор шүдлэн үхэр явч явсан талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.
й
-Өнгөрөгч оны сүүлээр Хойд Солонгосын дэд сайд Дорнод аймгаас 100 гаруй толгой үхэр авч явсан гэх мэдээллийн талаар тодруулж өгөөч?
- 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хойд Солонгосын Хөдөө аж ахуйн дэд сайд нь ачааны онгоцтой ирээд 104 үхэр авч явсан. Хүнс, хөдөө аж ахуйн яамны оролцоотойгоор 104 үхрийг Хойд Солонгосын эмч нар ирээд, газар дээр нь шалгаад авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч жил гаруйн өмнө Хойд Солонгост айлчилсан. Тэр үеэр манай улс дэлхийн нийтийн өлсгөлөнтэй тэмцэх хөтөлбөрт нэгдэхээр болсон. Хойд Солонгос хүнсний дутагдалтай. Манай улс өнгөрсөн жилээс эхлэн 2014-2015 онуудад Ази номхон далайн бүсийн хүнсний байгууллагын дарга хийж байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд дэлхийн, ялангуяа бүс нутгийнхаа хүнсний асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар болсон. Бүс нутгийн хамгийн гол асуудал нь Хойд Солонгос. Тус улсад ургац алдагдсанаар өлсгөлөн болдог. Тиймээс манай улс тодорхой хэмжээнд тусламж үзүүлж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд гурилын тусламж үзүүлсэн.
й
-Гадаадын улс оронд зориулан малыг хөлөөр нь гаргаж байсан тохиолдол байсан юм болов уу?
-Манай улс өмнө нь мал гаргаж байсан туршлага бий. 1980-аад оны үед Лаос улсад нэлээн хэдэн тооны мал гаргаж байсан. Одоо Лаосын малын эмч нар гэхэд манай улсын Хөдөө аж ахуйн их сургуульд сурч төгсөж байсан гэдэг. Мөн 2000-аад онд ямаа гаргаж байсан нь өнөөг хүртэл үржиж байгаа. Өөрөөр хэлбэл, ийм харилцааны туршлага манайд бий. Улаанбаатарт мал оруулаад ачих боломжгүй учраас Чойбалсангийн онгоцны буудлын нислэгийн зөвшөөрөл авч, мэргэжлийн хяналт, гаалийн хяналт дор онгоц нь буугаад үхрээ аваад явсан.
й
-Энэ тусламжийн үйл ажиллагааны зардлыг хаанаас гаргасан юм бэ?
-Гадаад хэргийн яаманд олон улсын хамтын ажиллагааны сан гэж бий. Төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаад сан байгуулсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хойд Солонгост зөвхөн хүнсний тусламжаас гадна хүнсний асуудлаа шийдэхэд нь тусламж үзүүлье гэсэн асуудлыг ярьсан. Хойд Солонгос хүйтэн, сэрүүн уулархаг нутгаа мал аж ахуйн тусгай бүс болгох хөтөлбөр явуулдаг тул бид мах, гурил гээд бэлэн юм өгөхийн оронд мал үржүүлэхэд нь тусласан юм. Хэлэлцээрийн хүрээнд 10 мянга хүртэл тоо толгой мал явуулахаар тохиролцсон. Гэхдээ дан ганц үхэр биш. Хонь, ямаа ч явуулна. Өөр олон улсын байгууллагууд энэ ажилд оролцож байгаа. Жишээлбэл, НҮБ-аар мал тээвэрлэх ажлын замын зардлыг даалгах талаар өнгөрсөн жилээс ярилцаж байгаа.
й
-Энэ тусламжид хэдий хэмжээний хөрөнгө орсон бэ?
-Яг хэдий хэмжээний санхүүжилт зарцуулсныг хэлж мэдэхгүй байна. 104 үхрийн мөнгө л өгсөн. Төсвийн хүндрэлтай байдлаас болоод энэ жилдээ дахиж явуулах боломжгүй болж байх шиг байна. Дараа дараагийн жилүүдэд Хойд Солонгосын талтай хамтарч ажиллана. Хөдөө аж ахуйн дээд сургуульд тэдний малын эмч, зоо техникч нарыг сургах тухай асуудал яригдаж байгаа. Хамгийн гол нь энэ ажлыг хийснээр бүс нутагт Монгол Улсын нөлөөг нэмэгдүүлнэ.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ