“Шилэн” парламент
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдөр үг хэлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлагыг өөрсдөөсөө эхэлье хэмээгээд гишүүдээс ч амлалт авсан билээ. УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ажил хэрэг болгохыг зорьж чуулганы хуралдаан өндөрлөхөд гишүүдэд хандан “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө Ерөнхийлөгчийн хэлснээр би камер залгаад нийт улс даяараа УИХ-ын гишүүдийн ирцийг харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье. Би гишүүдийн суудлыг нэг бүрчлэн харуулна. Та бүхэн Ерөнхийлөгчийн хэлсэн хариуцлагын асуудлыг дэмжиж байгаа гэж би бодож байна” хэмээсэн.
d
Тиймээс ч өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд гишүүдийн ирц, суудаг сандал ширээг олон нийтэд нээлттэй харуулсан билээ. Цаашдаа ч энэ ажил үргэлжлэн хэрэгжих юм. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэлсэн. Эдгээрийн нэг нь УИХ болон УИХ-ын Тамгын газар юм.
d
Олон нийт гишүүдийн ирцийн мэдээ, хэн гишүүн хэдэн цагт ирсэн тухай http://www.parliament.mn/sgh/session/categories/3104/pages/17998 сайтнаас шууд үзэх боломжтой талаар УИХ-ын дарга цахимаар олон нийтэд мэдээлсэн.
d
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг өнгөрсөн жилээс эхлэн шилэн болгожээ. Ажилтнууд нь шилэн өрөөнд сууж, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг нээлттэй “шилэн” болгосон байна. Өөрөөр хэлбэл, УИХ болон УИХ-ын Тамгын газарт хандаж ирүүлсэн иргэдийн хүсэлт, мэдээ мэдээлэл, бичиг баримтууд “Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төв”-ийн шилэн танхимд суудаг УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаар дамжин зохих эзэндээ шуурхай хүрдэг аж. Ажил зогсох ёсгүй, ирсэн бичиг баримт гацах ёсгүй учир бичиг баримтын шилэн хоргонуудад бичиг баримт саатаж буй эсэхийг ордонд орж ирсэн хэн бүхэн харах боломжтой гэнэ.
d
Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулан 2012 оноос хойш “шилэн” болгожээ. Ийнхүү хүн бүр УИХ-тай холбоотой бүх мэдээллийг энэхүү сайтнаас болон open.parliament.mn сайтаас өдөр бүр хүлээн авах боломжтой байдаг байна.
d
Олон нийтээс байнга шүүмжлэл хүлээдэг УИХ-ын гишүүдийн ирцийн тухай мэдээ, мэдээллийг иргэд ямар нэг сонин, сайтаас хайх хэрэггүй. Учир нь пүрэв, баасан гараг бүрт хуралддаг чуулганы хуралдааны үйл ажиллагааг 2012 оноос хойш улс орон даяар 4 телевиз болон Univision, Skymedia-ийн Их хурлын сувгуудаар үзэх боломжийг олгож, монголын Парламентын үйл ажиллагаа “ШИЛЭН” нээлттэй боллоо.
б
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ