"Тэд үзэг барьж жагслаа"
Европын хотуудад жирийн иргэд хэний ч шахалтгүйгээр үзэг барьж жагслаа. Гэнэтийн халдлагад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэсэн төдийгүй үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө жагссан хэрэг. Дэлхий нийт Парис хотод болсон террорыг үгийн эрх чөлөө, хэвлэл мэдээлэлд хийсэн довтолгоо гэж үзлээ. Гэхдээ барууныхан ч бай лалыхан ч бай бие биенийхээ үнэт зүйлийг үл хүндэтгэвэл аллага хүчирхийлэл гарсаар, эе эвээрээ зэрэгцэн орших зарчим алдагдана гэдгийг ойрхон гарч буй цуврал аллагууд хүн төрөлхтөнд сануулж байгаа хэрэг. Францын буудалцаан нь “зөвхөн франц хүмүүст хийсэн халдлага биш тэр нь манай чөлөөт, ардчилсан соёлын чухал элемент болох үгийн эрх чөлөө, хэвлэлд хийсэн довтолгоон юм” гэж Меркель онцолсон бол Барак Обама Парисийн халдлагыг дэлхийн чөлөөт хэвлэлд хийсэн дотолгоон гэж үзжээ. Ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөг алдвал юу болохыг анхааруулж олон мянган иргэд үзэг барьж жагслаа.
ө
Францын нийслэл Парис хотод лхагва гаригт (01.07) орон нутгийн цагаар өглөөний 11.30-д "Charlie Hebdo" сэтгүүлийн байр руу зэвсэглэсэн хоёр хүн нэвтрэн орж шууд гал нээснээр 12 хүний аминд хүрч 9 хүнийг хүнд шархдуулав.Алжир гаралтай франц иргэд шашны тэргүүнийг нь шоглон элэглэсэнийг доромжлол гэж үзэн хариу болгож нэгэн чөлөөт хэвлэлийн редакцийг хэдхэн хоромд хүйс тэмтэрчээ. Энэ мэдээ дэлхийг цочроосон тэр өглөө бид төсвийн таналт дээр их хэлэлцүүлэг өрнүүлж, халамж тэтгэлгээ хэрхэн авч үлдэхээр талцсан байлаа.
ө
Халдлагаар амь үрэгсдийн талаар мэдээлэл гарч байна. Хөгжлийн саад тотгор, балмад ёс зүйгүй үзэгдлийг инээд егөөгөөр харуулж нийгмийг эрүүлжүүлэх ажлаа итгэл үнэмшилтэй тууштай хийж явсан, гар нийлсэн нэг багийн залуус юм байна. Харин лалын зөнчийг элэглэхдээ ёс зүйн хэмжээгээ хэтрүүлж өөр шашны үнэт зүйлийг харлуулсан байх талтай. Зураачаар бол тэд урландаа байж байгаад амиа алджээ.Урьдчилан өгсөн теорристуудын заналхийлэл дарамт байсан ч тэд хүчирхийлэгчдийг шүүмжлэхээ үргэлжүүлсээр байж. Манайхны зарим нэг цүлх эрчүүд шүүрс алдаж “сануулаад байхад нь больчихгүй, алуулчих юм” гэж өөрийн парактикаар дүгнэж л байна лээ. Тэд айж болиход бас дараагийн хэн нэг нь мөн айж хэлэхгүй өнгөрнө. Тэгсээр хожим нэг тохиолдолд таны хүүхдийг үнэн үг хэлсний төлөө өнөөдүүл ирж шууд “акадах” юм л даа. Амь үрэгдсэн залуус энийг сайн ойлгож байж. Тэд ажил хийж мөнгө олохын зэрэгцээ нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байсан тул дэлхийн хүмүүсийн хүндэтгэлийг хүлээлээ. Олон хотын иргэд гэрэл гаргаж эмгэнэл илэрхийллээ. Зарим нь жагслаа. Тэдний гарт үзэг байлаа. Харин бидний зарим нь цалингаа нэмүүлэхээр лоозон барьж жагслаа. Хүмүүс төр засгаа шүүмжилж шаардлага тавьж байна. Өнөөх ардчиллын нэг салшгүй элемент болсон үг хэлэх эрхээ эдэлж жагссан хэрэг. Зохион байгуулалттай захиалгаар жагссан, цагаа олсонгүй гэж цөөнгүй мэдээллийн хэрэгсэл эмч багш нарын даруухан жагсаалыг буруутгасан байр сууринаас хандав. Товчдоо Засгийн газрынхаа талд хэвлэлүүд бараг дуу нэгтэй зогслоо. Цалингийн зээлээ төлж дийлэхгүй болсон над мэтийг хохь нь гэж бодоход цайны сүүгээ дийлэхгүй суугаа Доогий эмээд төр засагтаа хандаж хэлэх хатуу үг байгаа. Гэлээ ч жирийн иргэдийн ийм үг гомдол чихнээс холдсоор, бидний “note” дээр шивэгдэх нь цөөрсөөр байгаа юм. Манайд чөлөөтэй хэвлэн нийтлэх эрх зүйн баталгаа, санхүүгийн эрх чөлөө хангагдаагүй цагт иргэдийн үгийг хүргэх бидний орон зай хязгаарлагдмал болж байна. Редакцууд улс төр эдийн засгийн нөлөөнд ороход сэтгүүлчид нь амаа бариулж хэлгүй мэт болно. Олон нийт ч мөн хэлгүй дүлийтэй адил болчихно. Тэр цагт төр сохорно. Дарангуйлагчид гарч ирнэ. Энэ миний цэцэрхэл биш. Ардчилал эрх чөлөөний орших, эс оршихын нэг өгөгдөл болж мөнх санамжлагдсан үгс гэдгийг бид бүгдээрээ мэддэг.
ө
Өчигдөр талбайд итгэлгүйхэн цугласан цалингаа нэмүүлэх шаардлага барьсан иргэдийн өмнө сэтгүүлчид бид гарч үзэг барьж жагсах байсан гэж бодлоо. Амиа алдсан сэтгүүлчдийн төлөө, бас амьдаараа амаа үдүүлсэн байгаа өөрсдийхөө төлөө бас үзэг барьж зогсох байсан санагдлаа.
а
Би уг нь энэ нийтлэлээрээ үл таних мэргэжил нэгт сэтгүүлчдэд эмгэнэл илэрхийлье гэж бодсон юм. Гэтэл өнөөдрийн мөнгөгүй болсон гэх улс орноо, халамж тэтгэлгээсээ холдвол хамраараа газар хатгана гэж түгших олноо хараад эрхэм улстөрчдөд “агсам” тавимаар санагдлаа. Хэвлэлийн эрх чөлөө гэсэн сүржин нэртэй даржин хуулиа шинэчилнэ гэсэн яасан бэ. Олон нийтийн радио телевиз ув улаан байгаад сонгууль дөхөхөд цэв цэнхэр болчихлоо. Яагаад вэ. Үндэсний телевизийг улс төрийн өнгөгүй саарал байлгах хууль батлагдсан ч хэрэгжинэ гэвэл “гонж” болжээ. Манай хэвлэлийн эрх чөлөө аль хэдийн “акадуулчихсан” байгаа санагдлаа. Нэмээд үнэний талд дуугарах боломж нь хязгаартай, хэлэх үгээ цензурдуулж сэтгэл дундуур яваа сэтгүүлчдээ өмөөрье. Улстөрчид цензургүй ярьж болдог, сэтгүүлчид нь цензуртэй дуугардаг цаг иржээ. Төгсгөлд нь “хэлэх үг байна” гэж хэлэх боломжийг олгож байдаг энэ сайтдаа л талархья даа.
а
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ