
УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын
хуулийн төслийн дагалдах Хүн амын хөгжлийн сангийн хуулийн төслийг хэлэлцэх
эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүнд сонирхсон
асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулав.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Хүүхдийн мөнгийг яагаад зорилтот бүлэг олгохоор болж
байна вэ? Судалгааг хэрхэн гаргасан бол?
-Хүний хөгжил сан олсон орлогоо иргэддээ зориулаад явж
байх ёстой. Харамсалтай нь олж байгаа
орлогодоо өр үүсгээд яваад байсан. Ирэх онд 404 тэрбум төгрөгийн бондыг
эргүүлэн төлөх болоод байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү нь олгохоор
болсон. Ингээд нийт өрийн 60 хувьд олгохоор тооцсон.
ХАХНХЯ-ны газрын дарга Л.Мөнхзул:
-Хүн амын дунд амьжиргааны түвшинг тооцох судалгаа
хийлгэсэн. Ингээд амьжиргаагаар нь эрэмбэлэхдээ хэрэглээ, зарлагыг тооцсон.
Ингэхдээ орлогыг нь тооцоогүй, өрхийн өмч, амьдарч байгаа орон сууц, мал зэрэг
53 асуултын дор хариулт авсан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгохоор болжээ.
Хасагдаж байгаа 40 хувьд хүүхдийн мөнгөний хэрэгцээтэй өрх байхыг үгүйсгэхгүй.
Нийгэмд баян, хоосны ялгаа хэт гаргаж байна. Зарим хэсэг нь нийгмийн халамжийн
ямар ч төрөлд хамрагддаггүй, хөдөлмөрөөрөө хөлсөө олох бололцоо ч байдаггүй
хэсэг байна. Бололцоотой баян гэр бүл бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, бензин
шатахууны үнэ өсөхөд хамаарахгүй, гадаадаар аялаад явдаг хэсэг байгаа. Хүний
хөгжлийн сангийн орлого багасч байгаа нь баялгаас авдаг хувийг нь багасгасан
байна.
-Ер нь Бали, Чежү аралд амраад байгаа өрхийн гэр бүлийн
хүүхдүүдэд л олгохгүйгээр зохицуулсан. Тооцоог ХАХНХЯ гаргасан. Ашигт
малтмалаас олж байгаа орлогыг иргэдээд хүртээхийг зорьж Хүнийг хөгжлийн санг
байгуулсан. Гэхдээ ашигт малтмалаас олох орлого багассан. Өмнө нь Хүний
хөгжлийн сангийн орлогыг урьдчилсан зээлээр л бүрдүүлж байсан байна. Одоо энэ
орлого байхгүй, тасалдал үүсэн учир зорилтот бүлэгт олгохоор болсон.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-2015 онд Хүний хөгжил санд орлого нь 338 тэрбум төгрөг
орно. Харин өр нь 404 тэрбум төгрөг болжээ. Хүний хөгжлийн сан Ашигт малтмалын
лизенгийн, ашигт малтмалын нөөц ашигласны, гадаадын хөрөнгө оруулагчийн гэсэн
гурван эх үүсвэрээс бүрддэг. Дээрх орлого энэ гурван эх үүсвэрийн алинаас нь
бүрдэж байгаа вэ? Сангийн зарцуулалтаас зөвхөн Хүүхдийн мөнгө олгож байгаа. Уг
нь эндээс таван төрлийн мөнгөнд зарцуулах ёстой. Хүүхдийн мөнгө бол халамж биш.
Хүнийг хөгжлийн сан бол ирээдүйн
баталгааны сан. 1960 онд төрсөн хүмүүс
энэ оноос тэтгэвэрт гарч эхэлнэ. Нийгмийн даатгалын санд эдгээр хүмүүсийн
тэтгэврийг тооцох мөнгө байгаа юу?
-Энэ бол нийгмийн хамгааллын бодлого гэдэгтэй санал нэг
байна. Үүнийг ирээдүй рүү чиглэсэн Хөрөнгө оруулалтын сан болох хуулийн төсөл
өргөн баригдсан. Удахгүй хэлэлцэгдэх байх. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа
явуулж байгаа компанийн ашигласны 70 хувь, төрийн өмчит компанийн орлогын 100
хувь ордог.
ХАХНХЯ-ны газрын дарга Л.Мөнхзул:
-2015 онд 1960 онд төрсөн эмэгтэйчүүд 55 нас хүрч тэтгэвэр
авах эрх үүснэ. Эдгээр иргэдэд тэтгэвэр олгох мөнгө НДС-ийн дансанд орсон.
Нэрийн дансны хувьд тэтгэврийн бүрэн хуримтлалд шилсэн тохиолдолд эрх үүснэ.
Нэрийн дансны шимтгэлээр төлсөн шимтгэлийн хэмжээ бага байдаг. Гэхдээ үүнд жилд
19-25 хүртэлх хувийн шимтгэл тооцогддог.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хүний хөгжлийн сан баялгийн шударга хуваарилалтаар явж
байгаа сан гэж ойлгодог. Хүүхдүүдэд өгч
байгаа мөнгө гэдэг сайн зүйл. Засгийн газрын саналыг дэмжиж байна. Хүний
хөгжлийн сангийн орлогыг бид тодорхойлж өгсөн. Хэрвээ орлого тасалдвал бондоор
нөхнө гэсэн ойлголт байхгүй. Орлогын өөр эх үүсвэрийн замаар энэ санг аваад явж
болохгүй юу.
-Энэ удаагийн орлогын төлөвлөлтийг Хүний хөгжлийн сангийн
хуулийн төлөвлөлтөөр хийсэн. Цаашдаа энэ санг хуримтлалт болгохоор ярьж байгаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ