Улсын Бага хурлыг тараах хүртэл мэдэгдэл хийж байсан
-Үндсэн хуулийн өдөрт-
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Ж.Нэргүй 25 жилийн өмнө шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын хоёрдугаар хуралдааны ажиллагааг мэдээлэх хэвлэл, мэдээллийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байжээ. Тэр талаар ийм ярилцлага өгөв.
1
-Ажлын хэсэг гуравхан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байж. Ийм цөөн хүнтэй ажлын хэсэг ажлыг яаж амжуулж байв?
-Ажлын хэсэг томилох тухай захирамжийг БНМАУ-ын Ардын Их хурлын дарга гаргаж бүрэлдэхүүнд нь миний бие, мөн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Д.Сүхжаргалмаа, “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч Б.Пүрэвдаш нар орсон юм. Ажлын хэсэг АИХ-ын хоёрдугаар хуралдааны ажиллагааг “Ардын эрх” сонин, радио, телевиз, хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр мэдээлэх үүргийг хүлээсэн юм.
1
Ажлын хэсгийнхэн юуны өмнө хуралдааны ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэрс гаргаж тэдэнд сурвалжлах эрхийн үнэмлэх олгохоос ажлаа эхэлсэн. Нийт хэвлэл, мэдээллийн 22 байгууллагын 115 сурвалжлагч мөн гадаадын хэвлэл, мэдээллийн 11 байгууллагын 18 сурвалжлагчид сурвалжлах эрхийн үнэмлэх олгож байв. Тэдний дотор одоогийн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Төрийн соёрхолт Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн О.Бат-Эрдэнэ, И.Рэнчинханд, Л.Гүнсэн, Ү.Хүрэлбаатар, Ш.Цэрэнпил нарын зэрэг туршлагатай сурвалжлагчид байсан.
1
Ажлын хэсгийнхэн хуралдааны ажиллагааг шууд дамжуулах, тойм бэлдэх, депутатуудтай ярилцлага, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, хуралдааны ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй байдлыг тоймлон АИХ-ын удирдлагад танилцуулах, сурвалжлагчдыг боломжтой бүхий л мэдээллээр хангах, хэлэлцэж буй асуудалтай холбоотой төсөл, илтгэл, тайлан бусад материал тараах зэрэг ажлыг гүйцэтгэж байв.
1
Хэвлэл мэдээллийнхэнд депутатуудын зүгээс хандах хандлага янз бүр байсан. “Хэвлэл, мэдээллийнхнийг хянадаг хүн байна уу. Улсын нууц алдсан гэх хэрэгт татагдах юм биш биз” гэх хардлагаас аваад “үнэмшилгүй хэвлэл” гэж хэлэгдэж байсан тохиолдол бий. Дэндүү олон хүнд сурвалжлах эрхийн үнэмлэх олгосон байна гэсэн шүүмжлэл гарч улмаар тэр үеийн АИХ-ын орлогч дарга Ц.Лоохуузын шийдвэрээр тоог нь цөөлж байв. Тийм боловч манай хэвлэл, мэдээллийн байгууллага, сурвалжлагчид нойр хоолоо умартан өдөр шөнөгүй ажиллаж хэлэлцүүлгийн явцыг олон нийтэд өргөн мэдээлэхийн сацуу Үндсэн хуулийн төсөлтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг депутатуудын сонорт хүргэх улмаар олон нийтийн санал бодлыг төсөлд тусгуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж боддог.
1
-Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцэхийн өмнө Улсын Бага хурал хэлэлцсэн. Энэ талаар товч ярина уу?
-Улсын Бага хурлын чуулганы хуралдааны явц, хэлэлцүүлэг тийм ч амар хялбар байгаагүй гэдгийг бүгд санаж байгаа байх. Байр суурь, үзэл бодлын хурц тэмцлийн дунд болж өнгөрсөн юмдаг. Зарим асуудлаар 7-10 удаа санал хураалт явуулж байсан тохиолдол бий. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийн 3-р бүлгийн 30-р зүйлд “Ерөнхийлөгчөөр... Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байсан юм. Энэ асуудлаас болж О.Очиржав, Д.Батцэнгэл, Д.Энхбаатар нар гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх мэдэгдэл хийж байв. Энэхүү хурц мэтгэлцээн өрнөж мухардалд орох, завсарлага авах, санал хураалтад оролцохгүй хуралдаан хаяж гарахаас аваад зарим гишүүн гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах, түдгэлзэх, Улсын Бага хурлыг тараах хүртэл мэдэгдэл хийх зэргээр халуун уур амьсгалд болж өнгөрсөн билээ. Их тэвчээртэй, тайван тогтуун зантай Улсын Бага хурлын дарга маань хүртэл арга алдарч “хэтэрхий зовлонтой байна” гэж хэлэхэд хүрч байсан. “Хүүхэд уйлж айлгадаг, хөгшин хүн үхнэ гэж айлгадаг, парламент тарна гэж айлгадаг боллоо” гэж гишүүн агсан Г.Зуунай хэлж байсан нь тод санагдана. Чухамхүү энэ үед УБХ-ын нарийн бичгийн дарга байсан Б.Чимид гуай “Парламент яаж ярьж байна түүгээр ард түмэн улс төрийг ойлгоно. Улс төрийн соёл ямар байгааг ч Улсын Бага хурлаар тодорхойлно” гэж хэлж ухааруулж билээ.
1
1991 оны 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд Монгол Улсын Их цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлж байсан. Төслийг 7 мянга гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, тэдгээрт 900 мянга гаруй хүн оролцож давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргасан гэсэн тоо байдаг. Эдгээр саналыг судлан боловсруулж төсөлд тусгах, төслийг найруулан засах үүрэг бүхий ажлын 11 хэсэг байгуулан ажиллуулж байжээ. Бүх саналыг цахим тоолуурт оруулж бусад хуультай эрхзүй, улс төр судлалын үүднээс харьцуулан дүгнэлт хийж үзээд 45 орчим хувийг төсөлд ямар нэг хэлбэрээр тусгасан тухай тэр үеийн БНМАУ-ын ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат АИХ-д илтгэж байсан.
1
-Ардын Их хурлын хуралдаан ч бас их хурц уур амьсгалд болж өнгөрсөн гэдэг. Тэр үеийн дурсамжаас ярина уу.
-Хэлэлцүүлгийн явц, депутатуудын гүйцэтгэсэн түүхэн үүрэг, Үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар тэр үеийн депутатууд олон сайхан дурдатгал яриа өрнүүлж сонин хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Тиймээс түүнийг нуршиж давтахгүй ерөнхий уур амьсгал ямар байсан талаар товч ярья. Өмнө нь депутатууд маань ингэж олон хоног хуралдаж, хуулийн үг, үсэг, цэг, таслал, нэр томьёо бүрийн төлөө уйгагүй мэтгэлцэж цагаа умартан үгийн цэц, ухааны цараа харуулж байсан тохиолдол үгүй байх. Жинтэй үг, цэнтэй ухаан бодлоо уралдуулж эрдэм боловсролоо, бүтээлч дайчин чанараа ирлэж байсан түүх ховор болов уу. Гэхдээ өмнө нь байнгын ажиллагаатай парламент байгаагүй учир зарим депутатад асуудлыг олон өнцөгөөс авч хэлэлцэх, маргалдах, мэтгэлцэх, зөвшилцөх талаар туршлага үгүйлэгдэж байсан нь үнэн. “Хуулиа ойлгодоггүйгээс гадна юуны төлөө санал өгч, маргалдаж байгаагаа ер ойлгохгүй байна”, “ойлгохгүй байгаа учир хар үгээр ойлгуулж өгөөч”, “хууль хэлэлцэх нь бидэнд ахадсан ажил байна” гэсэн үг зарим депутатын амнаас гарч байсан удаатай.
1
АИХ-ын хуралдаанд Улсын Бага хурлын гишүүд их идэвхтэй оролцож аргагүй л туршлагатай парламентын гишүүд гэдгээ харуулж байв. Бусдаас илүү толгой цохиж байсан нь илт харагддаг байсан. Юутай “Бүх эрх мэдэл Улсын Бага хуралд байна”, “АИХ-ын дотор Улсын Бага хурал хуралдаж байна”, “АИХ, УБХ хоёр туйл болж хуралдаж байна” гэж шүүмжилж байхав. АИХ-ын хуралдаан үе үе мухардалд орж аргаа барсан зарим депутат АИХ-ыг тараах, удирдлага нь хуралдаан удирдах чадваргүй учир огцрохыг шаардаж байсан. Тэгээд ч зарим депутат хуралдаандаа ирдэггүй. Депутатуудын ирц хангалтгүй, асуудлыг хэлэлцэх гэхэд ирц бүрдэхгүй байсан учир радио, телевизээр зарлуулж дуудуулах тухай ч санал гарч байсан. Цөхрөнгөө барсан тэр үеийн АИХ-ын дарга агсан Ж.Уртнасан “Депутатууд аа. Бид хуралдаж чадахаа больжээ. Орон даяр мал тооллого болж байна. Үүний хамт депутатуудын тооллогыг танхимдаа хиймээр байна” гэж хэлж байсан нь миний тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй үлджээ. Хуралдаан тойрсон нөхцөл байдал ч хүнд байсныг бүгд санаж байгаа байх. Сүхбаатарын талбайд гурван хүн өлсгөлөн зарлачихсан, эмч нар шаардлага тавьчихсан, мал тооллого эхэлчихсэн тийм цаг үе байв.
1
Ярилцлагын эцэст, Үндсэн хуулийн төслийг Улсын Бага хурал, Ардын Их хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулах, бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах зэрэгт тэр үеийн Тамгын газрынхан, хуралдаан зохион байгуулах ажлын албаныхан ихээхэн үүрэг гүйцэтгэснийг энд зориуд тэмдэглэж хэлмээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ