Байнгын хорооныхон ХХААЯ-ныхантай уулзав
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд ХХААЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн жил хийсэн болоод хийхээр төлөвлөж буй ажлын талаар ХХААЯ-ны удирдлагууд танилцуулсны дараа стратегийн хүнс болох махны экспортын талаар голчлон ярилцсан юм.
й
Учир нь, эдийн засгийн энэ хямралын үед улсын төсөвт төдийгүй иргэдийн амьдралд шууд бусаар нөлөөлөх махны экспортын тоо хэмжээг нэмэх төрийн тэргүүний ОХУ, БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй хийсэн тохиролцоог ажил хэрэг болгохоор салбарын яам багагүй ажил хийж, холбогдох албаныхантай уулзан нааштай хариу сонсоод буй. Гэвч нэг үеэ бодвол манай улсын мах бэлтгэл тогтмол нэмэгдсэн ч экспортын хэмжээ буурсаар өнгөрсөн 2014 онд 1.8 мянган тн болсон юм. 2015 онд энэ хэмжээг нэмэгдүүлэх нөөц бий ч, үйлдвэрийн аргаар боловсруулах боломж тааруу, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэргээс үүдэн бэрхшээл гардаг байна. Нөгөөтэйгүүр, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд мал төрөл хоорондын харьцаа, сүргийн бүтэц, эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжтой биш байгаа аж. Цаашдаа үхрийн тоог 2 саяар өсгөж, ямааг төдий хэмжээгээр цөөрүүлж, бусад малыг одоогийн түвшинд барих шаардлагатай. Нөгөөтэйгүүр, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл тайван байдлыг баталгаажуулах арга хэмжээг бүс нутгийн онцлогтой уялдуулан ялгавартайгаар хэрэгжүүлэх, мал, эмнэлгийн оношлогооны чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудал байгааг салбарын мэргэжилтнүүд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболдод учирлалаа.
й
Иймд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал аж ахуйн хөгжлийн тухай хууль, Бэлчээрийн тухай хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд удахгүй өргөн барина гэлээ. Байнгын хорооны дарга С.Батболд ч ХХААЯ-ны үйл ажиллагаатай танилцаж байгаа нь холбогдох салбаруудад тулгамдсан асуудлуудтай танилцаж, цаашид бодлого тодорхойлохдоо хууль тогтоомжид хэрхэн тусгах, эрх зүйн орчинг нь сайжруулахад энэ удаагийн уулзалтын ач холбогдол оршиж байгааг онцолсон юм.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ