“Миний нялх үр хөл дээрээ босно оо”
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг 38 настай Ч.Бат-Оргил гэдэг залуу өнгөрөгч оны наймдугаар сард ачаа зөөж байгаад нэг тонн орчим цементэд даруулан нуруундаа хүнд бэртэл авсан. Гэртээ удаан хугацаанд хэвтсэний улмаас өгзөг, нуруу орчмоор арьс мах нь цоорсон, шарх нь хүндэрсэн талаар Undesten.mn мэдээллийн сайтад мэдээлсний дагуу түүнд туслах “Зүрх зүрхнийхээ төлөө” аяныг тус сайтынхан эхлүүлсэн. Уг аяны хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын-Үүд суманд очиж, газар дээрээс нь сурвалжлахаар болсон тул манай сайтын зүгээс уг аяныг дэмжиж тэдэнтэй хамт өмнөд хилийг зорьсон юм.
й
Сайн үйлсийн аяны эхний өдрийн тухай “Ч.Бат-Оргилд туслах аяны мөрөөр...” сурвалжлагандаа дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Хоёр дахь өдөр нь буюу ням гаригт Улаанбаатар хотоос ТЭЦ-3 ТӨҮК-ийн хамт олон, “Эко аялал” клубын залуусын төлөөлөлтэй Ч.Бат-Оргилд туслахаар хүрэлцэн ирсэн юм. Хэвлэлээр гарсан мэдээллийн дагуу тэд сайн үйлсийн аянд нэгдэхээр зорин ирсэн ажээ. Тэд эхлээд Ч.Бат-Оргилын хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгт очсон. Эмнэлэг хүрэх замд “ТЭЦ III” ТӨХК–ийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Энхсаран “Бат-Оргилын талаарх мэдээлийг манай нэг ажилтан маань веб сайтаас олж уншаад байгууллагаараа сайн үйлсийн аяныг дэмжсэн. Манай байгууллага 1000 гаруй ажилтантай. Нэг өдрийн дотор 1 сая гаруй төгрөг цугласан. Мөн хүн бүр боломжоороо хандив өргөсөн” хэмээн хэлж байв. Тэд явсаар Замын-Үүд эмнэлгийн эмч О.Баяржавхлантай уулзаж, Бат-Оргилын биеийн байдал ямар байгааг асууж, хөл дээрээ босох эсэх нь эргэлзээтэй гэдгийг нь сонсоод бага зэрэг гутарах шиг санагдсан. Гэхдээ хот руу явуулж, эмчилгээ хийлгэх боломж байгаа эсэхийг тал талаасаа судлаж, арга зам хайхаар болсон гэдгийг сонсоод найдвар тасрах болоогүй юм байна гэж байсан юм. Энэ үеэр байгууллагынхаа ажилчдын хандив болон “Эко аялал” клубын залуус хандивийн мөнгөө өгөхөөр ирсэнээ хэлэхэд Бат-Оргил өөрөө мөнгөө зарцуулахгүй учраас бэлнээр өгөөд хэрэггүй ээ. Харин хот руу яваад эмчлүүлэхээр болвол тэр мөнгө хэрэг болно, юу ч гэсэн өөрөөс нь асуу хэмээн зөвлөлөө.
й
Ийнхүү ярилцаад Бат-Оргилтой уулзахаар болов. Ах нь сүрьеэтэй хэмээн оношлогдсон ч эмчилгээ хийлгээд бусдад халдварладаг үе нь өнгөрсөн тул дүүгээ сахиж байгаа гэдгийг дараа нь мэдсэн. Олон хүн Бат-Оргилыг эдгээсэй хэмээн хүсэж, хандив тусламж өгөх аян өрнөж, сайхан сэтгэлт хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа тул түүнийг асардаг асрагч н.Мөнхбаяр ах дүү хоёрын үс зүсэнд анхаарал хандуулсан хэмээн эмч эмч О.Баяржавхлан хэлж байлаа. Хол замыг туулан зорьж ирсэн хүнтэйгээ уулзаж байгаадаа ТЭЦ III –хан маань баяртай байгаагаа илэрхийлж, байгууллагынхаа ажилчдынхаа бэлгийг дамжуулж, хурдан эдгээрэй хэмээн хичээнгүйлэн захилаа. “Эко аялал”-ын залуус ч мөн адил түүнд эдгэж, эрүүл болох итгэлээ алдаж болохгүй шүү гэв. Ингээд тэд тус бүртээ цуглуулсан хандивийн мөнгөө өөртөө авах уу, дараа нь хотод очиж хэвтэхдээ ашиглах уу гэж асуухад Бат-Оргил “Дараа нь авья. Энд мөнгө хэрэг болохгүй байна. Та бүхэнд баярлалаа. Маш олон хүн надад сэтгэлийн эрч хүч, урам зориг, итгэл өгч байна. Би та нарын итгэлийг алдахгүй хөл дээрээ босож сайхан амьдарна аа” хэмээн Бат-Оргил сэтгэл догдлон хэлж байсан юм. Ингээд тэд гэрт очиж, ээж аавд нь туслахаар явах гэж байгаагаа хэлээд, хотод уулзахын ерөөл тавин гарцгаалаа.
й
Эмнэлгээс гараад “Нүдэндээ галтай сайхан хүү байна. Эдгэрнэ ээ. Буянтай, сайн хүний үйл хэзээд бүтдэг. Анагаах ухаан хөгжчихөөд байхад” гэсээр Ч.Бат-оргилын гэр лүү хөдөлцгөөлөө. Тэдний гэрт очиход хоёр хөгшин хоёулахнаа байж таарсан. Хотоос ирсэн хэд маань хоёр буурайтай мэндэлж, “Танай хүүгийн тухай сонсоод байгууллагаараа дэмжиж туслая гээд 6-уулаа төлөөлөн ирлээ. Гэрт чинь хэрэгтэй ойр зуурын юм авчирсан. Манай ажилчид бас нормынхоо бээлийнээс өгөөрэй гэсэн юм” гээд авчирсан бэлгээ өгөв. Ээж Ш.Доржханд гуайд дулаахан, зөөлөн өмд, аав Ш.Чимэддорж гуайд хөвөнтэй бээлий нь их таалагдсан бололтой “Алив хөгшөөн энэ бээлийнүүдийг далдхан хийгээрэй” хэмээн нуулгах аж. Ш.Чимэддорж гуай “Би насаараа төмөр замд ажилласан юм. Ийм бээлий их өмсдөг байлаа. Ганц үлдсэн бээлийгээ гурав дөрвөн ч удаа нөхөж, оёж өмссөн. Гэхдээ энэ муудаа хайртай” гээд хуучин бээлийгээ халаасандаа хийчихэв.
й
Удалгүй хотоос ирсэн хэд маань гэрийг нь цэвэрлэхээр авчирсан угаалгын нунтаг, алчуур савангаа гаргаад дор нь цэмцийлгэж орхисон. Ш.Доржханд гуайн ор дэрний даавууг солих гэхэд “Яах юм бэ хүүхдүүд минь, эмээ нь дараа сольчихно” гэхэд “ Үгүй ээ, биднийг заавал сольж өгөөрэй гэж захьсан. Таныг өргөж байгаад орыг нь засчихья” гэхэд “Би өөрөө суугаагаараа хөдөлчихдөг юм өргөвөл өвдөх байх” гээд орноосоо өндийж, хоёр гараараа тулан орноосоо бууж түрхэн холдож өгөв. Энэ хооронд тэд орыг нь засаж, Ш.Чимэддорж гуайн хувцсыг ч сольж өгөөд амжсан. Нэг нь “сайхан өтгөн цай чанаад өгье гээд гал дээр тогоо шанага боллоо. Энэ бүхнийг харж зогсоход хүний сэтгэлийн тус гэдэг ямар сайхан болохыг бахдаж байв. Хотоос ирсэн хоёр залуу маань ч зүгээр байсангүй гэрийнх гаднах манаасыг хийгээд амжсан. Ингээд цаг гаруйханы дараа цэвэрхэн гэрт, хоёр буурай аагтай сайхан сүүтэй цайгаа уугаад “Сайхан сэтгэлтэй хүүхдүүддээ баярлалаа. Миний хүүгийн эрүүл мэндэд санаа тавьж алс холоос ирсэн та нартаа баярлалаа. Сэтгэл их хөдөлж байна. Олон хүн бидэнд тусалж байна. Миний нялх үр эрүүл саруул болох байх аа. Энэ олон хүний итгэлийг хөсөрдүүлэхгүй хөл дээрээ босно гэж итгэж байна” хэмээн талархалаа илэрхийлсээр үлдсэн юм.
й
Замын-Үүд суманд болсон энэ хоёр өдрийн үйл явдал зүгээр л бидний амьдрал. Та бидний дунд амьдралынхаа төлөө ажлаа хийж яваад гэмтэж бэртсэн олон хүн Ч.Бат-Оргил шиг эмнэлгийн орон дээр эсвэл ар гэрийнхээ асаргаанд орчихсон яваа. Тэр хэрээр ар гэрийнхэн нь өвчтэй хүнийхээ эмчилгээ, асаргаанд байдаг бүгдээ зориулаад амьдрал нь өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа. Зарим нь ажлаа хийх гэж гэрээс гараад алтан амиа алдсан харамсалтай хэрэг гардаг. Замын-Үүдэд ч ийм харамсалтай хэрэг хэд хэд гарсан гэж Засаг дарга Н.Баянмөнх хэлж байсан юм.
й
Зөвхөн ачаа тээврийн ажил ч биш, барилгын, зам барилгын ажил, уурхайн ослоор хүмүүс гэмтэж бэртэж байна. 2001-2011 онуудад л гэхэд үйлдвэрлэлийн ослоор 910 хүн нас барж, 590 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 3131 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэх баримт байна. Энэ бүхний ард ар гэр нь өнчрөх, мөн хөгжлийн бэрхшээлтэй болж, ажиллах, амьдрах чадвараа алдах хүмүүсийн тоо жилээс жилд олширч байгаа. 2011 онд гэхэд үйлдвэрлэлийн осолд 403 хүн өртөж, үүнээс 75 нь амиа алджээ. Сүүлийн жилүүдийн тоо баримтыг нэмвэл сэтгэл эмзэглэмээр тоо гарах нь мэдээж. Хамгийн харамсалтай нь барилга, зам, ачаа тээвэр, уул уурхай салбарт ихэвчлэн эрэгтэй хүн ажилладаг. Гэвч эрчүүд маань амь нас эрүүл мэндийн эрсдэлтэй нөхцөлд ажилласаар л байна. Тиймээс ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдалдаа анхаарч хариуцлагатай байх, хэрэв осол гарсан л бол тухайн хүнийг “манай ажилтан мөн, биш” гэж ялгаварлалгүй ханддаг байхыг хуульчилж өгөх цаг нь болжээ, УИХ-ын эрхэм гишүүд минь.
й
й
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ