"Өндөр, царайлаг, ганц бие эмэгтэй"-ээс болгоомжил
"175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70.000 төгрөгөөр хамт хонож болох юм". Танд ийм утгатай мессеж ирсэн үү. 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий мессеж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг иргэнийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээд байгаа аж.
б
Гэмт этгээд 25 настай, эмэгтэй Б нь 8880.... 8841...., 9144...., 9989....дугааруудын утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг болох нь тогтоогджээ. Мөн цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байжээ. Өмнө нь иргэн “Б”-г 9963....дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авагдаж байсан бол бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан байна.
б
Тэрбээр 2014.11.28-ны өдөр иргэн Н-ийн 8811.... дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70.000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ. “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний Фэйсбүүк хаягийн бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, улмаар 400.000 төгрөг авчээ. Улмаар иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаардсан байна. Энэ мэт 9911, 8811 эсхүл азын дугааруудыг таамгаар цуглуулж биеэ үнэлэх утга бүхий мессежийг илгээн хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлж дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байжээ.
б
Энэ мэтчилэн амар хялбар аргаар мөнгө олдог гэмт этгээдээс болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ