Ханиадтай үед сүү, зөгийн балтай ус ууж болохгүй
Өвлийн улиралд ханиад томуу, амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг. Тиймээс
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай түргэн
тусламжийн их эмч Д.Солонгоос дараах тодруулгыг авлаа.
-Хүүхэд, багачуудын дунд ханиад томуугийн өвчлөл их байна гэж сонссон. Нийслэлийн хэмжээнд өвчлөл ямар байна вэ?
-Жил бүрийн улирал болгонд ханиад томууны дэгдэлт гэж байдаг. Вирус дэгдэж гарах үеэр хүүхдүүд ханиад, томуу их хүрдэг. Тухайлбал, өвлийн улиралд вирус дэгдвэл хүмүүс ханиалгаж, өндөр хэмд халуурч, гүйлгэдэг. Харин хавар, намрын улиралд томуугийн дэгдэлт гардаг учраас хүүхдүүд ханиад хүрч, хүндрэх нь их байдаг. Энэ нь тухайн вирусын онцлогоос хамааран эмнэлзүйн илрэл нь янз бүр .
Одоогоор нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн дуудлагын 45,9 хувийг томуу, томуу тост өвчний дуудлага эзэлж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үйлчлүүлж буй хүүхдүүдийн 60-70 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөн ирж байна.
-Амьсгалын замын өвчинд бага насны хүүхэд нэлээд өртөмтгий байдаг. Шалтгаан юунд байна вэ?
-Бага насны хүүхдийн уушигины хөгжил том хүнийх шиг гүйцэд хөгжөөгүй байдаг. Тиймээс ханиад 0-5 насны хүүхэд илүү амархан тусдаг. Үүнд мөн тухайн хүүхдийн биеийн эсэргүүцэл, дархлаа нөлөөлнө. Таваас дээш насны хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь харьцангуй бага байдаг.
-Хүүхэд нь ханиадтай байгаа ээжүүдэд та юу гэж зөвлөх вэ?
-Хүүхэд xaниад томуу тусч, өвдсөн бол цэцэрлэгт явуулалгүй хэд хоног гэртээ харж, эмчийн заавраар эмийг нь өгч, асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй. Зарим эцэг, эх хүүхдээ харах хүнгүй гэсэн шалтгаанаар багшид эмийг нь өгөөд цэцэрлэгт явуулдаг. Энэ нь эрүүл байгаа ангийнхаа хүүхдүүдэд ханиад хүргэх эрсдэлтэй. Нэгэнт таны хүүхэд xaниад томуу тусч, өвдсөн бол цэцэрлэгт явуулалгүй хэд хоног гэртээ харж, эмчийн заавраар эмийг нь өгч, асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй.
Өвлийн улиралд ханиадыг бэлдмэлээр эмчлэхэд харьцангуй хурдан эдгэнэ. Тиймээс хугацаа алдаж хүүхдийг хүндрүүлэлгүй өрхийн эмчид хандан зөвлөгөө авч, халууныг яаралтай бууруулах шаардлагатай.
Яагаад гэвэл, хүүхдийнхээ халууныг бууруулах гэж холоос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьдог хүмүүс байна Хотын захын хорооноос хүртэл манайд ирдэг. Зам түгжрэн цаг алдсанаас болж, хүүхдийн халуун ихэсч, таталт өгдөг.
-Ер нь хүүхдийн биеийн халуун хэдэн хэмтэй байвал хэвийн гэж үзэх вэ?
-Хүүхдийн биеийн халуун 36.9 хэмтэй байвал хэвийн байдаг. Харин 38 хэмээс дээш байвал халуурч байна гэсэн үг. Энэ тохиолдолд халуун буулгах эмчилгээ хийнэ. Харин 37-38 хэмтэй байгаа үед хүүхдийг механик аргаар хувцсыг нь тайлж, шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй.
-Хүүхдийг хөлөргөхгийн тулд яах ёстой вэ?
-Хамгийн чухал нь шингэн зүйл уулгах хэрэгтэй. Хүн бүрт шингэний физиологийн хэрэгцээ гэж байдаг. Тиймээс тухайн хүүхэд хоногт уух шингэний хэмжээгээ өрхийнхөө эмчээр бодуулж, уух ёстой. Тодорхой хэмжээний шингэн ууснаар цусны эргэлт сайжирч, гадны халдварт өртөхгүй байх магадлал өндөр. Бидний амьсгалах агаар чийглэг, хуурай биш байх ёстой. Тиймээс гэр, цэцэрлэг, сургуулийн анги, танхимд агаар сайн оруулах хэрэгтэй.
-Хүүхэд нэг хоногт дунджаар хэдэн литр шингэн зүйл уух шаардлагатай вэ. Ханиад томуу туссан тохиолдолд зайлшгүй уух ёстой шингэний хэмжээнд өөрчлөлт орох уу?
-Хүүхдийн биеийн жинг тусгай томъёогоор тодорхойлж, уух шингэний хэмжээг эмч зааж өгдөг. Жишээлбэл, 10кг жинтэй хүүхэд хоногт литр, 20 кг жинтэй бол 1.5 литр шингэн уух ёстой байдаг. Энэ мэтчилэн хүүхдийн биеийн жингээс хамаарч, харилцан адилгүй байдаг. Тиймээс эмчийн зөвлөгөөний дагуу шингэн зүйл уух хэрэгтэй л дээ. Хүмүүс ихэвчлэн шоколадтай сүү, зөгийн балтай ус, чацарганы сироп зэрэг чихэрлэг төрлийн зүйл уулгадаг. Энэ нь эрүүл байгаа үед шингэний хэрэгцээнд орж болно. Харин ханиад томуу хүрсэн болон ямар нэгэн өвчин туссан үед чихэрлэг төрлийн шингэн нь өвчлөлийг дэмжиж, сэдрээх хандлагатай. Учир нь, ханиад томуу туссан үед үрэвсэл явдаг.
- Эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа хүүхдүүд гол төлөв ямар шинж тэмдэгтэй ирж байна?
-Амьсгалын замын өвчин нь гаднын олон төрлийн нян вирусээс үүсдэг. Өнгөрсөн жилийг бодвол өвчлөл их байгаа нь нян вирусын тархалт нэмэгдсэнтэй холбоотой. Илрэх шинж тэмдгийн хувьд маш өндөр хэмтэй халуурч, цээж хэржигнэж дуугарна. Мөн өндөр хэмтэй халуурснаас болж татах, бүгшүүлж ханиалгах зэрэг шинж тэмдэгтэй ирж байна. Хүмүүс хүүхдийнхээ ханиадыг эмчлэх гэж дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэснээр хүндэрч , уушгины хатгалгаа болж ирэх нь их байна.
-Ханиад хүндэрч хатгалгаа болж буйг яаж мэдэх вэ. Хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илрэх үү?
-Халуурах, амьсгаадах, тайван бус цочромтгой болох шинж тэмдэг илэрдэг. Эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ цээжийг ажиглах ёстой. Хэрэв доод хэсэг нь хонхолзож байвал ханиад нь хүндэрч хатгалгаа болсон байна гэсэн үг. Хэвийн байгаа тохиолдолд цээжний доод хэсэг хөдөлдөггүй. Амьсгалын эрхтэн системд саад учирснаас болж амьсгал нь шуугиантай болдог. Эдгээр шинж хүүхдэд илэрч байвал ханиад хүндэрч, хатгалгаа болж байна гэж үздэг.
-Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд витаминлаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Өөр энгийн боловч үр дүнтэй ямар арга байна вэ?
-Хүүхдийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн асаргаа сувилгаа маш чухал. Аминдэмээр баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэхээс гадна зуны улиралд агаар салхинд гаргаж, элсэн дээр тоглуулж, усанд сэлүүлэх нь хамгийн зөв арга.
Зуны улиралд сайн чийрэгжсэн хүүхэд өвөлдөө ханиад хүрэх нь бага байдаг. Ханиад хүрсэн ч хөнгөн тусдаг нь дархлаа сайн тогтсонтой холбоотой. Түүнчлэн улиралдаа тохируулж хувцаслах нь урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ