Хобби сургуулийн нэрэмжит Англи хэлний олимпиад
Англи хэлний сургалтаар Улаанбаатар хотод манлайлагчдын тоонд жагсдаг Хобби сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиад 12 дахь жилдээ болж, өнөөдөр 16:00 цагт дүнгээ гаргах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэгийн томоохон шалгуур болдог энэ уралдаанд төрийн хэвшлийн 45, хувийн хэвшлийн 33 сургуулийн нийт 1049 сурагч өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах цаг ойртож байгаа ажээ. Хоёр даваа буюу англи хэлний дүрмийн мэдлэг, ярилцлагын төрлөөр сурагчдын сурсан мэдсэнийг сорин шалгадаг энэ уралдаан хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байгаа нь Хобби сургуулийн нэрэмжит энэ уралдаан жилээс жилд хүрээгээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдэн, өрсөлдөөн чангарч байгаагийн нотолгоо юм. Хобби сургуулийнхан энэ уралдаандаа ихээхэн өндөр ач холбогдол өгч, эхний гурван байранд орсон хүүхдүүдэд мөнгөн шагнал, өөр олон урамшуулал олгодгоос гадна есдүгээр ангийн төрөлд эхний гурван байр эзэлсэн сурагчдын сургалтын төлбөрийг сургууль нь даан суралцуулдгаараа бусад уралдаанаас онцлогтой ажээ. Мөн энэ удаагийн тэмцээнд Хобби сургуулийн 24 багш оролцож, англи хэлний мэдлэг, багшлах ур чадвараараа өрсөлдөж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ