Бидэнд хямрахгүй явах боломж байсан

- УИХ-ын даргад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өчигдөр орой өргөн барьсан. Өрийн таазыг 60 хувьд хүргэхээр тусгасан байна. Та өрийн таазыг нэмэх асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Төсөв бол цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал. Өнөөдөр эдийн засгийн хямрал нэрээр төсөвт хүндрэл үүсээд байна. Хямралгүй явах боломж бидэнд байсан. Сүүлийн 10-20 жил төсвийн тодотгол, төсвийн алдагдалтай байсан. Бид ийм эдийн засагтай байгаа тохиолдод төсөв бүрдүүлэлт ийм байхаас өөр аргагүй. Сүүлийн үед уул уурхай гэж их ярьдаг болсон. Уул уурхай түшиглэсэн, тэр дотроо түүхий эд түшиглэн борлуудаг эдийн засгийн бүтэц байж болохгүй. Ерөөсөө бид гол сууриа ингэж харахгүй болохоор түүхий эдийн үнэ унахаар улсын төсөв хэцүүддэг. Улсын төсөв хэцүүдэхээр тодотгол гээд татварын асуудал яригддаг. Энэ нь эргээд татвар төлөгч, ард иргэдийн нуруун дээр буудаг. Тиймээс сууриар нь энэ асуудлыг ярихгүй л бол бид хүнд байдлаас гарахгүй. Эдийн засгийн 70-80 хувь уул уурхайн түүхий эдээс хамааралтай. Улс орон байтугай хувь хүн аж ахуйн нэгж хүртэл эдийн засгийн хүндрэлд орохоос өөр аргагүй. Сууриараа л ярихгүй бол зүгээр гал унтраасан байдлаар цаашаа явахгүй.
-Өрийн таазыг 60 хувь болгохоор хоёр тэрбум долларын өр нэмж тавих юм байна. Энэ мөнгөө зам биш хүнд үйлдвэрлэл рүү зарцуулна гэж байна?
-Н.Алтанхуягийн Засийн газар 1.5 тэрбум долларын зээл авсан. Цаашдаа таван тэрбум орчмын зээл авна гэж УИХ-аар батлуулсан. Орж ирсэн мөнгө нь үр өгөөжөө өгөхгүй, зам бүтээн байгуулалт руу орсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр дахиад зээл аваад хүнд үйлдвэр рүү оруулна гэдэг худлаа. Учир нь өмнөх Засгийн газар аж үйлдвэрийн яамаа ойлгуулах гээд чадаагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад байгаа баялагаа Сайншандад боловсруулъя гэдэг судалгаагаа Засгийн газартаа танилцуулах гээд бараагүй. Тэгэхээр энэ Засгийн газар нь гэнэт ухаан ороод, танилцаад энэ ажлыг хийнэ гэдэг юу л бол. Тэгэхээр сууриараа бид эдийн засгийн хөгжлийг ул үндэстэй гаргаж зөвөөр эхлэхгүй л юм бол ийм эдийн засагтай байхад хүндрэлүүд байнга гарна. Ямар ч Ерөнхий сайдтай байсан хамаагүй.
-Өрийн таазаа 60 хувьд хүргэх шаардлага бий юу?
-Шаардлага бол байгаа. Гэхдээ ийм эдийн засаг дээр өрийн таазыг өсгөсөн нь амжилттай болохгүй. Бид хөгжилтэй орнуудын өрийг жишээ болгож их ярьдаг. Тэд бол аж ахуй, татвар төлөгчид нь суурин дээрээ босчихсон газрын өр, авалга аж ахуй дотроо л эргэлдэнэ. Манай аж ахуй босоогүй байхад өр авлаа гэдэг. Гэтэл энэ нь халамж, дэд бүтэц гээд хэзээ ч эргэж төлөгддөгүй зам руу ордог. Энэ бол их өрөөсгөл ойлголт. Манай улс эдийн засгийн маш энгийн, эрүүл бус бүтэцтэй. Тэгэхээр өр тавихаасаа илүү хөрөнгө оруулалтыг чухалчилж байж, эдийн засаг буюу аж ахуйн нэгжүүд босно. Аж ахуйн нэгжүүд босно гэдэг чинь тэд ашигтай ажиллана. Улмаар татвар төлөгчид нэмэгдэнэ гэсэн үг.
-Өрийн удирдлагын тухай хуулийг заавал батлах хэрэгтэй гээд байгаа шүү дээ?
-Өрийн удирдлагын тухай хуулийг батлахаар өр орж ирэх юм байна гэж өр өвөх юм байна гэж ойлгосон. Энэ асуудалд би “Наадуул чинь цаг хугацааны хувьд хоёрдугаарт тавигдах ёстой. Өр биш хөрөнгө оруулалтыг бид чухалчилах ёстой. Хөрөнгө оруулалт гэдэг нь тодорхой хэмжээний бүтээн байгуулалт байна гэсэн үг.
-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголоор халамжуудыг танах болсон нь нилээн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Мэдээж халамжийг хавтгайруулах нь аль ч нийгэмд сонгуультай л холбоотой байдаг. Сонгууль дөхсөн үед хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд Засаг байгуулагдсаны дараа халамж руугаа ордог. Халамж янз бүр байх ёстой. Үнийн дүнгийн асуудлаас гадна хэнд зориулагдсан байна.
-Улстөрийн шинэ нам байгуулагдах мэдээлэлд таны нэр яригдаад байгаа. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй. Би сониноос л харсан.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ