Ахмад шүүгч нартаа хүндэтгэл үзүүлжээ
Шүүхийн
ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнчулуун,
Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХМОНХХ-ийн дарга
Л.Бямбаа нар өнөөдөр Улсын
дээд шүүхээс гавьяаныхаа амралтад гарч байгаа Д.Тунгалаг, С.Нямжав,
А.Доржготов, П.Цэцгээ нарын дөрвөн шүүгчийг өнөөдөр хүлээн авч уулзаж,
хүндэтгэл үзүүлжээ. Энэ
үеэр Шүүхийн ерөнхий
зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Хоёр нийгэм дамжин ардын шүүгчээс эхлээд ардчилалын шүүгчээр олон жил ажиллаж, нийгэмд
шударга ёсыг тогтоох, хүний эрх эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийн
шинэтгэлийг хэрэгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн Та бүгдийн хөдөлмөр зүтгэлийг
Шүүхийн ерөнхий зөвлөл өндрөөр үнэлж байна. Насаараа шүүхийн салбарт ажиллаж,
амьд хууль болцгоосон эрхэм хүндэт дөрвөн шүүгчдээ урт удаан насалж, эрүүл энх
байж, Монгол Улсынхаа шүүх эрх мэдлийг хөгжүүлэх үйлс хэрэгт үргэлжлүүлэн гар
бие оролцож байгаарай гэж хүсэн ерөөе. Би дөрвөн шүүгчдээ нэг санал тавья гэж
бодож байгаа. Аливаа улсад шүүхийн академи гэж байдаг. Шинэ Шүүхийн ерөнхий
зөвлөл байгуулагдсаны дараагаар шүүгчдийг гэгээрүүлж, боловсруулж, мэргэжлийн
зөвлөгөө өгч байдаг хамгийн чадварлаг мэргэжилтэн, эрдэмтэд, туршлагатай
шүүгчдээс бүрдсэн шүүхийн академи буюу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын
хүрээлэн гэдэг байгууллагын үндэс суурийг тавьсан.Одоохондоо хүн хүч муутай,
бага залуу голдуу ажилтантай байгаа. Энэ байгууллагын үүд хаалга та бүхэнд
маань үргэлж нээлттэй шүү. Энд ажиллаж болно, сургалтад оролцож, судалгаа хийж болно.
Шүүгч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж бичих, цаашдаа шүүгчийн
шийдвэрүүдийг судалж, дүн шинжилгээ хийх гээд олон ажлуудыг бид нар хийхээр
болж байгаа. Энэ ажлуудад та бүхнийг оролцуулах юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл
байгаа” гэж хэлээд
“Талархал” болон шударга ёсны тэнгэр Фемида бурхны хөшөө бүхий дурсгалын зүйлстэй гардуулж өгсөн байна.
Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав нь 1975-1977 онд Булган аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, 1977-1980 онд Булган аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч, 1980-1987 онд Булган аймгийн шүүхийн шүүгч, арбитрч, орлогч дарга, 1987-1998 онд Булган аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 1998-2012 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2012.01.06-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажилласан бөгөөд шүүгчээр нийт 37 жил ажиллажээ.
А.Доржготов нь 1981-1989 онд Төв аймгийн АДХГЗ-ны хуулийн хэлтсийн дарга, 1989-1990 онд Төв аймгийн АДХГЗ-ны хуулийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий арбитрч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, 1993.06.28-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд шүүгчээр нийт 24 жил ажилласан байна.
Д.Тунгалаг нь 1980-1982 онд Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга, 1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч,1992-1993 онд Сүхбаатарын районы шүүхийн дарга,1993.06.28-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүгчээр нийт 32 жил ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ