Нөхөн сонгуулийн ”зодоон”-ыг Л.Эрхэмбаяр эхлүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын нөхөн сонгууль олны анхаарлыг татаад байна. Нэг хэсэг нь хууль ёсны, нөгөө бүлэг нь хууль бус хэмээж, зодоон цохиондоо тулсан сурагтай. Уг нь бол энэ сарын 11-нд тус дүүргийн АН-ын даргын нөхөн сонгууль зарлагдсан аж. Харин одоо бол тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй аж. Учир нь тамга тэмдэгний төлөөх хэрүүл нь зодоон болж, эцэстээ цагдаа сэргийлэхдээ тулсан байна. Тиймээс намын байрыг нь цоожилж, лацаджээ.
а
Юу болсныг эргэн сөхвөл, нөхөн сонгуулийг зарлаж, нэр дэвшигчдийг тодруулахаар ярилцаж л дээ. Гэтэл АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өөрийн хүн болох Ш.Одгэрэл гэх залууг автоматаар аваачиж тавьсан нь хэрүүл эхлэх шалтгаан болсон аж. Ардчилсан оронд явагддаг сонгуулийн журмын дагуу нэр дэвшиж буй бүх хүнээ шударгаар өрсөлдүүлж, сонгоё гэсэн олонхын саналыг ч үл хайхарсан гэнэ. Ингэж дарга болсон Ш.Одгэрэл одоо "тамгаа авъя, намын байраа суллаж өг” хэмээн их л том байгаа сурагтай.
а
Харин одоогийн намын дарга Ө.Пүрэвбаатар тамга, тэмдгээ өгөхгүй гэдгээ хэлээд буй аж. Тэрбээр нөхөн сонгуулийг дүрэм журмын дагуу явуулж, намын даргыг шударгаар сонгоно гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ингэж Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан хоёр хуваагдаад хэдэн өдрийг үдэж байна.
а
Ш.Одгэрэл, Ө.Пүрэвбаатар хоёрын асуудал өнөөдөр сөхөгдсөн юм биш аж. Бүр тодруулбал Ш.Одгэрэл тэргүүтэй хүмүүсийн 2013 оны нэгдүгээр сард “Дисковери” төвд хуралдсан намын хорооны хурлыг хяналтын хорооноос хүчингүйд тооцож байжээ. Харин Ө.Пүрэвбаатарын тэргүүлсэн 2013 оны 1 сарын 21-ний өдөр “River Beach”–д хуралдсан намын хорооны хурлыг хүчинтэйд тооцсон байна. Тиймээс Ө.Пүрэвбаатарт албан ёсоор тамга, тэмдгийг нь хоёр жилийн өмнө хүлээлгэн өгч байжээ. Тэр үед өнөөгийн генсек Л.Эрхэмбаяр Ө.Пүрэвбаатарт ажлаа өгөөд, амжилт хүссэн гэнэ. Харин одоо бууриа эргэж, өөрийнхөө хүнийг даргаар тавих гэж улайран зүтгэж байгааг буруутгах хүн олон байна. Учир нь тэр одоо намын эв нэгдлийн илэрхийлэл болохуйц өндөр албан тушаалтан болсон.
а
Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг тойрсон хэрүүлд намын дээд байгууллага болох Хяналтын хороо их л нухацтай хандаж буй бололтой. Эцсийн шийдвэр гартал ямар нэг үйлдэл хийхгүй хүлээж байхыг үүрэгдэж, намын эв нэгдлийг эрхэмлэхийг шаардаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ