Жолооч, кондукторууд жагсаж байна
Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос яг одоо Чингисийн талбай дээр жагсаал зохион байгуулж байна. Уг жагсаалд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид оролцож буй бөгөөд тэд цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор ийнхүү жагсаж байгаа юм. Тэдний жагсах шалтгаан нь хамтын гэрээнд заасан байдаг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассантай холбоотой аж.
ө
Жагсаалын үеэр тэд тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондукторын үндсэн цалин нэмэгдүүлэх шийдвэр хүчин төгөлдөр биелэхгүй байгаа талаар мөн хэлсэн юм. Тэдний хэлж буйгаар нийтийн тээвэрт ажиллаж буй жолооч кондукторуудын үндсэн цалин маш бага байгаа нь эргээд осол аваар гарах шалтгаан болж байгаа аж. Том оврын автобуснууд хоорондоо уралдан , хурд хэтрүүлэн явж байгаад осол аваар гаргах нь сүүлийн үед нэлээд ихэссэн. Тэгвэл тэд цагтай уралдаж төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ийнхүү хурд хэтрүүлэн бие биетэйгээ уралддаг гэнэ. Ингээд жолооч, кондуктор хоёр төлөвлөгөөгөө биелүүлж чадвал жолооч 800, кондуктор 600 мянган төгрөгийн цалин авдаг аж. Харин биелүүлж чадахгүй бол жолооч 450, кондуктор 350 мянган төгрөгийн цалин авдаг хэмээн ярилаа. Түүнчлэн, тэд нийтийн тээврийн салбарт ажиллаж буй хөдөлмөрчдийг бодохгүй бол тэд жагсаал цуглаан зохион байгуулж, цаашлаад ажил хаялт зарлахад ч бэлэн байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ