Хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт эхэллээ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-25-ны өдрүүдэд Герман улсад олон улсын уулзалтад оролцож байна. Тодруулбал, ХБНГУ-ын Берлин хотноо 80 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хөдөө аж ахуйн Олон улсын “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний 7-р чуулга уулзалт”-д тус тус оролцож байгаа аж.
б
Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалтад энэ жил 70 орны Хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар уригдан оролцож байгаа аж. Харин “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэн яармагт 1600 аж ахуйн нэгж, хувь хүн өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг болж буй.
й
ХХАА-н сайд Р.Бурмаа өчигдөр үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр тус яармагийн “Түнш улс”-аар энэ жил сонгогдсон Бүгд Найрамдах Латви улсын хөдөө аж ахуйн сайд ноён Жанис Дуклавстай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, яам хоорондын Санамж бичиг байгуулан хамтын ажиллагааны байнгын механизмын эхлэлээ тавихаар тохиролцсон байна.
й
Мөн энэ өдөр тэрээр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мариа Флаксбартай уулзан хоёр яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой газар тариалан төсөл”-ийн үйл явц, хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар санал солилцсон аж.
й
ХХАА-н сайд Р.Бурмаа энэ өдрүүдэд Беларусь улсын Хөдөө аж ахуйн дэд сайд ноён Леонид Маринич, Казахстаны хөдөө аж ахуйн дэд сайд ноён Омаров Салахан, ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд Н.В Федоров, Бүгд Найрамдах Болгар улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд хатагтай Дэсислава Танива, НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Хосе Грациано Да Силватай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ