Цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад оров
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн групп” ХХК Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор барилгыг барьж ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
б
Нийслэлийн удирдлагууд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анх удаа орон сууц болон цэцэрлэг, сургуулийн цогцолбортой цогц хороолол баригдаж байгаад баяртай байна. Сургууль цэцэрлэгээсээ хол амьдардаг хүүхэд багачуудыг хүндрэлгүй болгож байгаад талархалтай хандаж байна” гэдгийг тодотгон хэлсэн юм. Тус 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор ашиглалтад орсноор 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, 180 хүүхэд эрүүл, аюулгүй орчинд хичээллэх боломжтой болж байна. “Бэрэн групп” ХХК нь 2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч СБД-ийн 11-р хороо, 7-р хороололын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга, 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн 2 цогцолбор, авто замын ажил хийхээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад байгаа юм гэж нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ