Төсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас өөр арга алга

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ.

й

МАН-ын бүлгийн зүгээс 58.3 хувьд хүрсэн өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулж 40 хувьд хүргэх ёстой гэдэг байр суурин дээрээ хэвээр байгаа аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч энэ заалтыг өмнөх Засгийн газар зөрчиж, өртэй холбоотой бодит мэдээллийг ард иргэдээс нууж ирсэн. Бид хуульд заасан энэ заалтыг зөрчихгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан. Гэхдээ сонголт хийх зайлшгүй шаардлага гарсан.  Хэрвээ төсвийн алдагдлыг хоёр хувьд баривал энэ жил цалин тэтгэвэр нэмэх, эхийн одонгийн болон хүүхдийн мөнгийг бүрэн өгөх боломжгүй болно. Мөн төсвийн хөрөнгө оруулалт царцах, эдийн засаг улам агших эрсдэлтэй учир энэ жилдээ төсвийн алдагдлыг таван хувьд барихыг манай бүлэг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, үндэсний бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчид, ард иргэдээ дэмжих үүднээс төсвийн алдагдлыг таван хувьд барихаар боллоо хэмээн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

й

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадна Хөгжлийн банк, "Чингис", "Самурай" бонд,  үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн олон төсөвтэй болж, мэдээлэл нь хаалттай байсанд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж ирсэн. Харин энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд МАН-ын бүлгийн шахаж шаардсаны дагуу төсвийн ажлын хэсэг АН-ын бүлэгтэй тохиролцож чадсан. Ингэснээр Хөгжлийн банк, Монгол Улсын төсөвт хамаардаг болж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Тэрээр "Ингэснээр манай улс олон төсөвтэй бус нэгдсэн төсөвтэй болох алхам хийгдэж, хууль биелүүлдэг улс болох нь. Хөгжлийн банк, бондууд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн  хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Цаашдаа хууль зөрчигдөхгүй байх чиглэлд бид анхаарч ажиллана. Шинэчлэлийн Засгийн газрын хууль зөрчсөн алдаанууд давтагдахгүй байх, алдааг засахад энэ удаагийн төсвийн тодотгол томоохон өөрчлөлт авчирна гэж үзэж байна" гэж хэллээ.

й

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хуульд заасан шалгуурыг давж 58.3 хувьд хүрээд байгаа өр хэчнээн төгрөгөөр илэрхийлэгдэх хэмжээнд хүрээд байгаа вэ?

-Засгийн газрын өргөн барьсан 2015 оны төсвийн тодотголд нийт өрийн хэмжээ нэрлэсэн үнээр 15 их наяд 959 тэрбум, өнөөгийн үнэ цэнээр 13 их наяд 980 тэрбум төгрөг байна. Мэдээж энэ хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурт нийцүүлэн бууруулж, цаашид нэмэгдүүлэхгүй байх нь засагт хамтарч ажиллаж байгаа намууд, УИХ, Засгийн газар хэр санаачилгатай, үр дүнтэй, бодитой үйл ажиллагаа явуулахаас шалтгаална. Цаашдаа аль болох  бага улстөржиж, үндэсний зөвшилцөл, ойлголцлыг эрхэмлэж ажиллах шаардлагатай байна. 2015 он бол ард иргэд, УИХ, Засгийн газрын хувьд хүнд жил байх нь. Харин хямралыг даван туулахад эв нэгдэл, итгэлцэл, ойлголцол хамгаас чухал. Энэ зарчмыг баримталж үндэсний зөвшилцлийн хүрээнд ойлголцож ажиллахыг бусад улс төрийн намууд, бүлгүүдэд уриалж байна.

й

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн босго энэ жилдээ 58.3 хувиар бичигдэх юм байна. Танай бүлгээс 2016 онд 55 түүний дараа жил 50 хувь болгоод 2018 онд 40 хувь болго гэсэн шаардлагыг тавьж байгаа юм уу? 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд Төсвийнхөө хуулинд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг заасан байдаг. Тухайн баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг хөндөхгүй гэж байгаа. Харин дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад Засгийн газраас өргөн барихдаа 60, 55, 50 хувь гэсэн үе шатуудаар бууруулъя гэсэн саналыг хэлж байгаа юм. Үүн дээр бид өрийн таазыг нэмэхийг дэмжихгүй. Ганц өнөөдөр хүрсэн түвшнийг хүлээн зөвшөөрчихвөл цаашид Засгийн газарт хууль зөрчиж өр нэмэх цонх нь нээгдэх учраас өнөөдөр хүрсэн түвшнийг нь хүлээн зөвшөөрөөд цаашид үе шаттайгаар бууруулж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувь руу аваачъя гэж байгаа юм. Ингэхдээ хууль зөрчихгүй байдлаар ажиллах ёстой. Энэ жил эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас зөвхөн 2015 ондоо Төсвийн алдагдлыг 5 хувь байлгахаас өөр арга алга. Цаашид эдийн засгийн хүндрэлийг давах төлөвлөгөө амжилттай хэрэгжээд явбал ойрын үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг зөрчихгүй бууруулах бодлогыг барих ёстой юм байна. 2018 оныг хүлээхгүйгээр бууруулах ёстой гэж үзэж байна.

й

-Одоогоор манай улс яг хэдэн их наяд төгрөгийн өртэй байна. Дотор нь ангилбал ямар үзүүлэлт гарч байгаа юм. Хүү төлөх ачаалал хэр байгаа юм бэ? 

-ДНБ-ийн харьцуулсан харьцаагаар өнөөдрийн байдлаар Засгийн газрын өргөн барьсан тодотголд нэрлэсэн үнээрээ Монгол улсын өрийн хэмжээ 15 их наяд 959 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үндсэн дээр тооцох юм бол 13 их наяд 980 тэрбум төгрөг байна. Мэдээж энэ хэмжээг бууруулах нь өнөөдар хамтарч ажиллаж байгаа намууд, УИХ-ын хэр зэрэг санаачлагатай ажиллахаас шалтгаална. Тэгэхээр цаашид аль болох бага улс төржиж, зөвшилцөж ажиллах шаардлага гарч байна. 2015 он улс орон болон ард түмний хувьд хүнд жил болох нь. Тэгэхээр хаа, хаанаа эв нэгдэлтэй байх нь чухал байна. Тиймээс манай нам үндэсний зөвшилцлийг эхлүүлж улс төрийн нам болон бүлгүүддээ уриалж байна.

й

-Төсвийн алдагдал 5 хувьд хүрчих юм бол Төсөв нь мөнгөний бодлоготой уялдахгүй болно гэж “Төв банк”-аас мэдэгдсэн. Алдагдал ийм өндөр байвал ханшийн сулралыг барихад хэцүү гэж байгаа. Үүнийг танай бүлэг хэрхэн үзэж байгаа вэ? 

-Сангийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байна гэдэг зүйл байнга яригдаж байгаа. Тэр ч үүднээс Төсвийн тухай хуулинд тодотгол хийгээд түүгээрээ төсвийн орлого зарлагыг нэг их наяд төгрөгөөр бууруулаад энэ хүндрэл бэрхшээлийг даван туулна гэж үзэхгүй байна. Тиймээс Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж энэ төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах чиглэлүүдээр хямралыг давах томоохон төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болсон. Ийм шаардлагыг ч Засгийн газарт ч тавьж байгаа. Манай намын бүлэг хямралыг хамтарч давахаар ажиллаж байгаа.

й

-Өрийн хэмжээнд удахгүй авах гэж байгаа өр орсон байна гэж зарим гишүүд ярьж байгаа. Тухайлбал, Хятадаас авах гэж буй 1 тэрбум юаны зээл орсон байна. Өрийн хэмжээн дээр 15,9 мөн 13.9 гэсэн хоёр их наядын зөрүү гараад байна шүү дээ. Энэ ямар учиртай тоо юм бэ?  

-15.9 их наяд нь нэрлэсэн үнээрээ Монгол улсын өнөөдрийн зээлийн хэмжээ. 13.9 их наяд нь өнөөгийн үнэ цэнээрээ илэрхийлсэн хэмжээ. Үүнд Хятадын зээл ороогүй байгаа. УИХ-аар батлагдсан зээлүүд орсон. Батлагдаагүй цаашид авах зээлүүд ороогүй байгаа.

й

-Ч.Улаан сайдыг ажил хүлээлгэж өгөхөд өрийн хэмжээ 49 хувьтай байсан. Гэтэл өнөөдрийн хэмжээ 58.3 хувьд хүрчихлээ. Энэ хооронд их зөрүү үүсээд байна. Яагаад ийм зөрүү гараад байна вэ? 

-Н.Алтанхуягийн Засгийн газар өрийн хэмжээ хуульд заасан шалгуурыг давчихсан байсныг нууж ирсэн юм байна лээ. МАН Засагт хамтарсны дараагаар хууль зөрчсөнийг мэдсэн. Тиймээс 58.3 хувьд хүрснийг нь дэмжихээс өөр аргагүйд хүрээд байна.

и р

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
цалин тэтгэвэр нэмэхээ зогсоо. хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, жирэмсний мөнгөө зогсоо. хөрөнгө оруулалт битгий хий. монголбанкаар төгрөг битгий хэвлүүл. залхуу бэртэгчдэд өөрсдөө хөдөлмөр хийж амьдралаа авч явах хэрэгтэй гэдгийг нь ойлгуул. жирэмсэн эх гэсэн үг монгол хэл, ёсонд байхгүй. манай ёсонд төрөөгүй эмэгтэйг эх гэж хэлдэггүй юм. жирэмсэн эмэгтэйг жирэмслүүлсэн эр өөрөө хөдөлмөр хийж тэр 40 мянган төгрөгөө олох ёстой.
2015-01-20