Б.Гарамгайбаатар: Гацууртыг ашиглах ёстой
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар мэдээлэл хийсэн байна. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай болон Төсвийн тодотголын асуудлаар ярилцсан хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар танилцуулсан. Товч танилцуулгын дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
a
-УИХ-ын дарга болон Ерөнхий сайд ямар асуудлаар мэдээлэл хийсэн юм бэ?
Б.Гарамгайбаатар: УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулсан. Ерөнхий сайд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай ярьсан. Мөн төсвийн тодотголтой холбоотойгоор МАН-тай болон бусад намуудтай харилцан тохиролцсны үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэн батлуулах, өрийн таазтай холбоотой мэдээлэл өгсөн.
a
-Урт нэртэй хуулийн талаар тодруулахгүй юу?
С.Одонтуяа: Урт нэртэй хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ хуультай холбоотой гарсан алдааг олж тогтоосон. Усны тухай хуулиар 200 метрийн зайтай гэж байхад янз бүрийн тушаал журмууд гараад 10 мянган метр буюу 100 км-ээр орон нутгийн Засаг дарга нар үзэмжээрээ тогтоосон. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ зүйлүүдийг ярилцсан.
a
-Өрийн таазыг МАН нэмэхгүй гэж үзсэн байна?
Б.Гарамгайбаатар: Өрийн таазыг Засгийн газар 60 хувиар оруулж ирсэн. Өнөөдөр бодит байдал дээр Хөгжлийн банк үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсныг буцааж суулгаснаар өрийн тааз 60 хувьд хүрч байгаа юм. Үүнийг нэг бланс тайлантай болгохын тулд намууд ойлголцож нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс биш нэмж өр, зээл тавих асуудал биш. Засгийн газар хувийн хэвшил, аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх нь нээлттэй байгаа.
a
-Өрийн тааз 58.3 хувь байгаа гэж МАН мэдээлэл хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар хууль зөрчиж байсан гэж байна. Танай намын байр суурь ямар байна вэ?
-2012 онд Хөгжлийн банкыг байгуулахдаа тус банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгахгүйгээр явж байсан. Чингис, Самурай бонд улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжигдаж явж байсан учраас төсвөөс гадуур байгаа юм. Нэмэлт хоёр төсвөөр явж байсан асуудлыг МАН-ын шаардлага, шахаагаар төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлээд нэг төсөвтэй болсноор өрийн хэмжээ 58.3 болох нь тодорхой шүү дээ. Түүнээс биш Энэ засаг байгуулагдаад өдрөөс өдөрт өр нэмэгдээд байгаа юм байхгүй.
a
-Төсвийн алдагдлыг таван хувьд хүргэхийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?
-Бүх бурууг АН-д үүрүүлэх гээд байх шаардлагагүй. Ардчилсан нам өнөөдөр МАН-ын тавьж буй шаардлага, төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу хоёр хувьтай төсвийн тэнцвэржсэн алдагдал, дээр нь төсвийн нийт өрийн хэмжээг 40 хувьд барья гэсэн шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа юм. Харамсалтай нь МАН өнөөдрийг хүртэл нэг төсөвтэй байх ёстой, төсвөөс гадуур санхүүжигдэж байгаа төсвийн эх үүсвэрүүдийг бүгдийг нь төсөвт суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүнийг оруулах гэхээр өнөөдрийн яриад байгаа таван хувь, 58,3 хувилбар гарч ирж байгаа. Шинэ засгийн газар тооцоо, судалгаагаа хийгээд 2015 онд санхүүжүүлэх төсвийн эх үүсвэрээ суулгаад 58.3 хувь дээр барьж байна.
й
-Хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс даах асуудал юу болж байгаа вэ?
-С.Одонтуяа: Шинэ эрүүл мэндийн даатгалын хуулиар 16 хүртэлх хүүхдийн төлөх шимтгэлийг 100 хувь төр хариуцахаар эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг энэ баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хүүхдийн шимтгэлийг одоогийн хуулиар тооцохоор 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Үүнийг байнгын хороо, ажлын хэсэг 100 хувь төр даах нь зүйтэй юм, тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувийг нэг хувь болгоод төсвийн ачаалал 20 орчим тэрбумаар нэмэгдэж байгаа. 2014 оны хүүхдэд төлсөн тусламж үйлчилгээний зардал 20 орчим тэрбум төгрөг болж байгаа.
й
-УИХ-аар Гацууртын ордыг стартегийн ордод оруулах асуудал яригдаж байгаа. Энэ газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Б.Гарамгайбаатар: УИХ-аар хэлэлцэж буй Гацуурттай холбоотой асуудлыг Ардчилсан нам дэмжиж байгаа. Гэхдээ гишүүд олон талаас нь ярьж байна. Тухайлбал, Ноён уултай холбоотой асуудлыг нилээн хөндөж байна. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүсийн тайлбар, бусад мэдээллүүдийг зөв гаргаж тайлбарлах хэрэгтэй гэж бид ойлгож байгаа. Өнөөдөр эдийн засаг ийм байхад, нөгөө талаар ашигт малтмалыг ашиглах ёстой гэдэг утгаараа ашиглах нь зөв гэж бид дэмжсэн. Энэ хуулийг хэрэгжүүлээд Гацууртын ордыг ашиглах асуудлыг шийдсэнээр Монгол улсын валютын нөөц нэмэгдэнэ. Ноён уултай холбоотой асуудлыг гишүүд арай өөр маягаар яриад байна л даа. Гацууртын хувьд ашиглах ёстой. Ашиглахын хажуугаар хамгаалах ёстой гэдэг чигийг барьж байгаа.
й
-Энэ ордтой холбоотой гурван асуудал яригдаад байгаа. Нэгд, Ноён уулын хувьд Хүннүгийн үеийн олдворуудтай. Хоёрт, урт нэртэй хуулийн хэрэгжилтэд орчихсон газар. Гуравт, Сентерра гоулд гэдэг компани өмнө нь гэрээ байгуулаад хугацаанаасаа өмнө алтыг нь авч гарсан гэдэг асуудал яригддаг шүү дээ?
-Энэ аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал өмнөхийн өмнөх Засгийн Газартай холбоотой. Тэр асуудал нь тухайн үеийн Засгийн газрын гаргасан шийдвэрээрээ явж байгаа учраас би өөр асуудал ярих хэрэггүй байх гэж бодож байна. Хоёрдугаарт, хамгийн гол нь Гацуурттай холбоотой асуудалд АН-ын бүлэг олборлож ашиглахыг дэмжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
й
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ