Булган суманд "Тэмээний баяр" болно
Өмнөговь аймгийн Булган суманд ирэх гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Тэмээний баяр-2015” наадам болно. Уг наадмыг 1997 оноос хойш “Түмэн тэмээ” тэмээ аяллын холбоо санаачлан тасралтгүй зохион байгуулсаар иржээ.
Энэхүү баяр нь дэлхийд ховор хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогддог бөгөөд шилдэг менежмент Монголын хамгийн анхны томоохон эвент болж чадсан юм. Тэмээний баяр уламжлал ёсоороо гуравдугаар сарын 6-ны есөн цагаас “Тэмээн фоло-2015” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдах бол 14 цагаас баярын нээлтийн арга хэмжээ албан ёсоор эхлэх аж.
Энд тэмээтэй парад жагсаал, тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа зэрэг олон сайхан үзүүштэй уралдаан тэмцээн үйл ажиллагаа болох юм. Мөн шагайн харваа, тэмээн фологийн шувтаргын тэмцээн, түүнчлэн “Алтайн хойлог” клубын үйл ажиллагааг танилцуулсан “Тэмээ миний найз” сэдэвт гар зургийн уралдааныг энэ үеэр зохион байгуулж, орон нутгийн иргэдийн гар урлалын зүйл, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа, “Булган булаг” уяачдын холбооноос зохиодог бооцоотой хурдан тэмээ болон торомны уралдаан зэрэг арга хэмжээнүүд тус тус зохиогдохоор болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ