Ерөнхий сайдын гэрийг бүсэлжээ
Йемений шийт шашны “Шиа Хути” гэх зэвсэгт бүлэглэлийн дайчид нийслэл хотноо
байрлах Ерөнхий сайдын гэрийг бүсэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Ерөнхий сайд эхнэр, хоёр охиныхоо хамтаар
гэртээ байсан. Тэрбээр хэлэлцээр хийхээр оролдож байгаа” гэж Йемений хэвлэлүүд
мэдээлэв.
“Ерөнхий сайдын гэрийг тойроод ойролцоогоор 70-80 буутай этгээд байна” гэж Батлан хамгаалахын яамнаас уламжлав. Тус улсын Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хади өнгөрсөн оны эцсээр “Шиа Хути” нарыг оролцуулсан эв нэгдлийн Засгийн газар байгуулахаа мэдэгдээд байсан юм. Тус бүлэглэлийн удирдлагууд шинэ Үндсэн хуультай холбоотой маргаанаас болж өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг барьцаалж, гэрийг нь шатаасан байна. Энэ долоо хоногийн эхээр тус бүлэглэлийн дайчид Сана хотноо цагдаагийнхантай мөргөлдсөн юм. Мөргөлдөөний үеэр найман хүн амиа алдаж, 22 хүн шархтжээ.
Барууны хэвлэлүүдийн дамжуулж буйгаар ““Шиа Хути” бүлэглэл Ерөнхийлөгчийн ордны ойролцоох хүчээ нэмэгдүүлсэн. Тэднийг буцахыг шаардсан хамгаалалтын ажилчдын аминд хүрсэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ