Ж.Эрдэнэбат: Алдагдалгүй баталъя гэвэл дахин танах болно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад  ажлын хэсэг хариулж байгаа юм.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өрийн тааз нэмэгдэж байгааг байнгын хорооны хуралдаан дээр тодорхой ярьсан. Одоогийн байдлаар бидэнд тараасан Төсвийн тодотголын номд өнөөдөр өрийг 11,4 их наяд буюу ДНБ-ний 53 хувьтай тэнцэж байна гэсэн. Ингээд 1,2 их наядаар нэмэгдэхээр ДНБ-ний 58 хувьд хүрэхгүй байгаа юм. Зээлийн ашиглалтыг Хүний хөгжлийн сан зэрэгт  зарцуулагдахаар байна.  Үүнээс 200 нь ямар бонд вэ?


Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Санхүүгийн тооцоолол дандаа хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хийгддэг.  Манай улсын өр маш олон зүйлийг нэгтгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бидний урьдчилсан тооцооллоор 53 хувьтай байна. Энэ төсвийн хувьд бодит байдал руу нийцүүлэхээр таналт хийгдсэн. Төсвийг алдагдалгүй батална гэвэл дахин 900 тэрбум төгрөгийг танахаар байгаа. Нийтдээ Засгийн газрын дотоод үнэт цаасаар 1,1 их наяд төгрөгөөр өр нэмэгдэж байгаа. Төсвийн алдагдал, хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор уг өрийг нэмж байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх 355 тэрбум төгрөг байгаа. Явцын дунд санхүүжилтээ авах төсөл. Үүгээр ч мөн улсын өр нэмэгдэхээр байна. Түүнээс бус Засгийн газар гаднаас зээл авах зэргээр өрийн босго нэмэгдүүлэх асуудал байхгүй. 900 орчим тэрбум гэдэг бол төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулагдсан.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Засгийн газар байгуулагдахад өрийн хэмжээ 51 хувьтай байсан. Дараагаар нь 53 болсон, одоо 58 хувьд хүрэх нь. Яагаад долоо долоо хоногоор өрийн хэмжээ нэмэгдээд байгаа юм бэ? Телевиз харахаар шоудаад байна. Өнгөрсөн долоо хоногт бүх хүмүүс өр нэмж болохгүй гэсэн. Гэтэл хуулийн төслийг хэлэлцэхэд бүгд дэмжсэн. Ингэж улс төр хийж болохгүй.


Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй байна. Энэ удаагийнх  бол төсөөлөл юм.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Өрийн таазыг нэмэгдүүлэхэд тоо их зөрөөтэй байна. Анх өрийн таазыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын гадаад өр 1,1 их наяд гэж байсан. Хэлэлцүүлгийн явцад өрийн хэмжээ нэмэгдсээр ирлээ. Валютын ханштай холбоотой нэмэгдээд байна уу? Шийдлийн Засгийн газар байгуулагдахдаа ажлаа хариуцлагатай хүлээж авахыг хэлж байсан. Гэтэл энэ асуудал орхигдлоо. Энэ хуулийн төслөөр 2018 онд өрийн таазын хэмжээг буцааж бууруулна гэж заажээ. Бууруулах бололцоо тэр үед байх уу? Зээлийн эргэн төлөлт тэр үед ирнэ шүү дээ.  


Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Өнөөдөр бид нөхцөл байдалтай уялдаад төсвийн тодотголоо батлах шаардлагатай байна. МАН-ын бүлгийн гишүүд 58,3 хувийг ямар учиртай тоо вэ гэдгийг тодорхой хүргүүлсэн. Энэ Засгийн газар байгуулагдахдаа бусад намтай хамтарч байгуулагдсан. Бид ажлаа эхэлж байна. Засгийн газрын оруулж ирсэн саналыг УИХ дэмжих нь зүйтэй юм.


УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Байнгын хороон дээр 58,3 хувь гэдэг санал дэмжигдээгүй. Дэмжигдээгүй учир нь томъёололдоо байгаа юм биш үү? Сангийн яамны яриад байгаагаар энэ тоо 2015 оны төгсгөлд хүрэх тоо байхгүй юу? Ер нь өрийн таазыг бид нэмэгдүүлж байгаа. Өрийн хязгаар дотор хөнгөлөлттэй урт хугацаатай зээлийг хэрэглэх төсөл тооцогдсон уу? Өрийн удирдлагын тухай хуулиа баталчихвал эргэлзээ ойлгомжтой болно. Өрийн хуулийг өргөн бариад жил боллоо. Хуулиа хэзээ батлах вэ?


Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Төсвийн тодотголоо хэлэлцэхдээ энэ оны төсвийн хүрээнд хийсэн. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр хүлээгдэж байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.



Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
өр тавин байж наад хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, бусад халамж цалин тэтгэврийн нэмэгдлийн хийх хэрэг байхгүй. бүгдийг нь болиул
2015-01-20
сайдад:
тэгээд танаач лалараа. гуцаад байхын. хулгайч нараасаа л танаарай
2015-01-20