Давосын чуулга уулзалт гэж юу вэ?
Швейцарийн Давос хотод өнөөдөр 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлнэ. Энэ жилийн форум “Дэлхий дахины шинэ нөхцөл байдал” уриан дор зохион байгуулагдахаар болжээ.
Форумд Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян, Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Швейцарийн Ерөнхийлөгч Симонетта Соммаруга, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума, Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж зэрэг 50 гаруй орны төрийн тэргүүн оролцохоор болжээ. Түүнчлэн 140 гаруй орны бүс нутгийн бизнес, Засгийн газар, олон улсын байгууллагууд, академи, иргэний нийгмийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл 2500 гаруй хүн оролцох юм.
Энэ нь ямар гээчийн арга хэмжээ вэ? Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (Давосын чуулга уулзалт) бол манай гаригийн нэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр дэлхийн бизнесч, улс төрийн удирдагч, олон нийтийн зүтгэлтнүүдийн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг засгийн газрын бус байгууллага юм.
Уулзалт Швейцарийн Альпын нурууны рашаан сувиллын Давос хотод нэгдүгээр сард уламжлал ёсоор болдог билээ. 2013 онд чуулга уулзалт нэгдүгээр сарын 23-27-нд болж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч бөгөөд тэргүүн нь профессор Клаус Шваб юм. Тус байгууллагад дэлхийн нэг мянга гаруй томхон компани ордог. Төв байр нь Женев хотод байдаг. Чуулга уулзалт 1971 онд анх удаа болжээ. Бизнесийн удирдагчдын эхний уулзалтуудаар менежментийн асуудал хэлэлцдэг байсан бол, дараа дараачийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг Давост урих болжээ. 1987 оныг хүртэл жил бүрийн симпозиумыг Европын чуулга уулзалт гэж нэрлэж байсан ч, сүүлд нь үүнийг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж нэрлэх болсон юм. Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг юм. Протокол хөтлөдөггүй, ямар ч тогтоол гаргадаггүй. Давост төр, засгийн тэргүүн нар, томоохон компаниудын удирдагч, нэрт эдийн засагч, эрдэмтэн, улс төрчид эдийн засаг, улс төр, эрүүлийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудалд хамаатай сэдвийг хэлэлцдэг юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ