Оросын 9000 цэрэг Украинд тулалдаж байна
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, үг хэлжээ. Тэрбээр ярианыхаа эхэнд “Олон улс мэдээсэй гэж хүсч байна. Украины газар нутагт Оросын 9000 цэрэг тулалдаж, салан тусгаарлагчдыг дэмжиж байна. Оросын Засгийн газар Крымийг булаасан шиг Донецк, Луганскийг эзлэхийг санаархаж эхэллээ. Украины арми зүүн хязгаарын чөлөөлөхөөр салан тусгаарлагчидтай тулалдаж буй ч үр дүнд нь энгийн иргэд л амиа алдаж байна. Хэдхэн хоногийн өмнөөс зүүн хязгаарт дахин буун дуу хадах боллоо. Бидний таамаглаж буйгаар 100 орчим хүн амиа алдсан” гэж хэлжээ.
1
Өнгөрсөн долоо хоногт зэвсэглэсэн этгээдүүд Донецк мужид халдлага үйлдсэн билээ. Тэд зорчигч тээврийн автобус руу олон удаа буудаж 12 зорчигчийн аминд хүрчээ. Порошенко мэдэгдлийнхээ төгсгөлд халдлагад өртсөн автобусны жижигхэн хэсгийг гаргаж ирээд “Зүүн хязгаар хяналтаас гарлаа. Хүний эрх зүүн хязгаарт хэрхэн зөрчигдөж буйг энэ хэлтэрхийгээс харж болно” гэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Салан тусгаарлагчид Украины Засгийн газрыг хүчгүйдүүлэхийн тулд гэмгүй иргэдийг хохироож эхэллээ” гэж мэдэгджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ