Хавдар хөнгөвчлөх тасаг нээгджээ
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Хавдар хөнгөвчлөх тасаг”-ийг шинээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангийн тэргүүн Х.Болормаа, тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эрхлэгч Л.Мөнгөнцэцэг, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Сэрчмаа, БОЭТ-ын захирал Ц.Анхтуяа болон эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Хавдар хөнгөвчлөх тасгийг “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сангаас 20 сая төгрөгийн санхүүжилтээр 16 нэр төрлийн нэн шаардлагатай орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тохижуулан 3 өрөөтэйгөөр үйл ажиллагааг нь эхлүүлж байна.
Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачилан байгуулсан “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан нь хөдөө, орон нутагт хавдарын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор үе шаттай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэгт уг тасгийг нээж байгаа аж. Хавдар хөнгөвчлөх тасаг хөдөө орон нутагт байгуулагдсанаар Улаанбаатар хотыг зорих иргэдийн урсгал багасч, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурах бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ иргэдэд улам ойртож байгаагаараа ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ