Хуульзүйн сайд гурван төсөл өргөн барилаа

img

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн тавдугаар бүлэгт “Хуулийн тухай хуулийг батлуулж, хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийг үнэлдэг болох” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай төслийг боловсруулжээ.

а

Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБХХ-ийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслөөс зөвлөх багуудыг ажиллуулсан бөгөөд хууль боловсруулах стандарт, журмын талаар олон улс /ХБНГУ, БНСУ, БНВУ, ИБУИБНУ, Канад Улс, Япон Улс/-ын туршлага, практикийн харьцуулсан судалгаа хийж, түүнд үндэслэн хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулж, төсөлд хуулийн үр нөлөөний үнэлгээ болон хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох судалгаа хийсэн байна. Хуулийн төсөл нь 11 бүлэг,  53 зүйлтэй аж.

х

Үүнээс гадна Хуульзүйн сайд Д.Дорлигжав Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Бас Хуульзүйн сайд “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төсөл өргөн барьсан байна. Антарктидийн тухай гэрээ нь нийт 14 зүйлтэй ба тус гэрээнд Антарктидийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан Антарктидийн тухай анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Одоогийн байдлаар нийт 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байгаа бөгөөд тэдгээр нь тус гэрээний Зөвлөлдөх уулзалтаар баталсан “Антарктидийн гэрээний Зөвлөлдөх уулзалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн дагуу зөвлөлдөх уулзалтад саналын эрхтэйгээр болон урилгын дагуу тус зөвлөлдөх уулзалтад саналын эрхгүйгээр оролцдог юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ