Дэд сайдуудыг үлдээв
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр дэд сайдын
орон тоог цомхотгох асуудал хөндөгдсөн юм. Гэвч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
“дэд сайдын орон тоог хасах шаардлагагүй, хууль зөрчигдөнө” гэдэг санал
гаргасныг хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх нь дэмжсэн юм. Чуулганы
хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотой гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
А.Бакей хариуллаа.
Жилд нэг дэд
сайдын 34,7 сая төгрөгийн зардал гаргадаг аж.
17 дэд сайдын жилд 590 сая төгрөгийн цалинтай гэнэ. Хэрвээ дэд сайдын
орон тоог хасвал гэнэт халагдсаны тэтгэмж 330 сая төгрөг өгөх шаардлагатай
болжээ. Хэмнэлт нь 260 сая төгрөг гарч байгаа. Хэрвээ дэд сайдын орон тоог
хасвал гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагаа алдагдана гэж гишүүд үзсэн
байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ хууль дэмжигдэхгүй бол дэд сайд нар үлдчих гээд байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ хийгээд, гуравдугаар хэлэлцүүлэгт алх цохичихсон байгаа бол өөрчлөгдөхгүй. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэг хийхгүй гэдэг заалттай. Хэрвээ энэ санал унаад, дэд сайд нар үлдчихвэл хоёрдугаар хэлэлцүүлэг буцах уу? Байнгын хороо хууль санаачлахаас бус Төрийн байгуулалтын байнгын хороо хууль санаачлах эрх байхгүй. Үүнийг яаж зохицуулсан бэ? Дэд сайд нар үлдэхээр нийгэмд ч сонин асуудал үүсч байна.
-Хууль хоорондын
зөрчил үүсэх гээд байна. Өнөөдөр санал болгож байгаа Засгийн газрын тухай болон
бусад хууль тогтоомжийг хэлэлцээд дэмжих шаардлагагүй гэж үзсэн. Шаардлагагүй
гэж үзсэн нь дэд сайд нарын орон тоо байна гэсэн үг. Өчигдрийн төсвийн хуулийн
хэлэлцүүлгээр дэд сайд нарын зардал танагдсан. Тиймээс төсвийн тодотголын
хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Улс төрийн албан тушаалтны гэнэт халагдсаны мөнгө гэж байхгүй. Холбогдох зардлыг хасна гэж байгаа. Хэрвээ өөр байнгын хороо ярих бол санал гаргасан байнгын хороо нь авч хэлэлцэх ёстой. Та УИХ-ын “73-ын бүдүүн” бүлгийг хамгаалж чуулганы хуралдаан дээр худлаа хэллээ. Таныг цэцэд өгөхөд гомдохгүй биз дээ. Нэг гишүүн надад “та яасан хүн муутай юм бэ? гэж хэлж байсан. Төрийн албанд 15 хувийн цомхотгол явж байхад яагаад хүн чанар гаргаагүй юм. Монгол Улс 17 дэд сайдгүйгээр хотойхгүй. Миний саналыг дэмжсэн гишүүдэд баярлалаа.
-Гэнэт
халагдсантай холбоотой мөнгөний тооцоог Сангийн яамнаас албан ёсоор гаргуулж
авсан. Үүнд зөвхөн дэд сайд биш туслах, жолооч зэрэг ажлын албаны хүмүүсийнх нь
тэтгэмж хамаарах байх. Би хууль зөрчөөгүй. Популизм хийж болно, гэхдээ хэмжээ
хязгаартай байдаг юм шүү. Сонгогчдод таалагдах гэж телевизийн өмнө мэдэхгүй
хуулиар тайлбар хийх нь буруу гэдгийг эрхэм дүү, шавь С.Ганбаатартаа захиж
хэлье.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Дэд сайдын орон тоог хасах асуудлыг төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцээд санал хураачихсан. Энэ нь хуулийн зөрчил үүсгээд байна гэлээ. Төрийн данхар бүтэц, үрэлгэн зардлыг хэмнэх үүднээс зарим асуудлыг шийдэх ёстой. Шийдлийн Засгийн газар энэ асуудлыг зохицуулсангүй. УИХ-ын гишүүн бид хувийн машинаа унадаг.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулав. Засгийн газрын тухай болон холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжих боломжгүй, хэлэлцэх шаардлагагүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явууллаа.
Чуулганы
хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувийн саналаар дээрх санал дэмжигдсэн юм.
Ийнхүү дэд сайдын орон тоог хэвээр үлдээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ