Автомашины татварт өөрчлөлт орохгүй
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлд явж буй авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх тухай журмыг батлах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар автомашины татварт өөрчлөлт оруулсангүй. Харин автомашины дугаарын сүүлийн оронгоор сар сард нь албан татвар авахаар болсон байна. Тухайлбал, иргэн таны автомашины сүүлийн орон 1 ба 6-аар төгссөн бол 1 сард багтаан, автомашины албан татвараа төлөх ёстой гэнэ.
Хэрэв албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох юм байна.
Тиймээс Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвтэй хамтран тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулсан байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна www.smartcar.mn цахим хуудасруу иргэд хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах бүрэн боломжтой юм. Мөн та хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо энэхүү мэдээллийн системд хандах авч болох юм байна. Мөн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг заавал тухайн жилд тодорхой хугацаанд зохион байгуулах биш жилийн турш шинэ системийн тусламжтайгаар татвар, төлбөрөө төлж болно. Энэхүү системд орон нутгийн бүх тээврийн хэрэгслийн бүртгэл багтжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ