Оточ мөнгөн усаар хүн хордуулжээ
Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн 25 настай эрэгтэй Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, нүдний угаар хүчтэй өвдөж, биеэр улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ. Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байх үедээ баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан байна. Эмчлүүлсэн хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх Х.Аблайханд хандан гэрээр өдөрт хоёр удаа гурав хоног мөнгөн усны эмчилгээ хийлгэжээ. Гэсэн ч биеийн байдал нь улам дордон сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Харин 13 настай эрэгтэй Н нь ахынхаа эмчилгээ хийлгэж байсан өрөөнд орж гарсан өдрөөс хойш бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан тууралт гаран, хоолонд дургүй болж аюулхай, гэдсээр хүчтэй өвдөж сэхээний тасагт эмчлүүлж байна. Эмчийн үзлэгээр тэд мөнгөн усны хордлого авсан нь тогтоогдсон учир Улаанбаатар хотын Хордлогын төвд эмчилгээ хийлгэж буй аж.
р
Харин эмчилгээ хийсэн оточ гэгдэх Х.Аблайханы гэрт мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийсэн байна. Тэрбээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг удмаасаа өвлөн авч 10 орчим жил эмчилгээ хийж байгаа. Нэг сард дунджаар таван хүнд ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг гэнэ. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл байхгүй байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ