Төсвийн мөнгөөр зөвхөн дотоодын бүтээгдэхүүн авна
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
г
-Засгийн газрын хуралдаанаар Аж үйлдвэрийн бодлоготой холбоотой хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс түүхий эдээ гаргаад, гадаадаас бэлэн бүтээгдэхүүн авдаг улс хэвээр үлдэх үү гэдэгт хариу, шийдвэр гаргах цаг болжээ. Тийм учраас Засгийн газраас бие даасан Аж үйлдвэрийн яамыг бий болгосон. Энэ яамнаас аж үйлдвэрийн талаар төрөөс ямар бодлого баримтлах талаар баримт бичиг боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Ажлын хэсэгт хувийн хэвшил, эрдэм судлаачд, яамд хамрагдан, саналаа хэлж байгаа. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ салбарт төрөөс баримтлах бодлогын талаарх үзэл баримтлалыг гарган хэлэлцүүлсэн. Ойрын үед аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалыг гаргана. Өмнө нь УИХ, Засгийн газраас аж үйлдвэрийн бодлоготой холбоотой тогтоол шийдвэр гарч байсан боловч хэрэгжилт хангалтгүй, зохион байгуулалт тааруу, хэрэгжүүлэх механизм нь тааруу байсан учраас энэ талаарх ажил явцгүй байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Өнөөдөр манай улсын гадаадад гаргаж байгаа экспортын нийт бүтээгдэхүүний 82 орчим хувийг зөвхөн уул уурхай салбар бүрдүүлдэг. Дээр нь экспортын бүтээгдэхүүн 100 хувь шахуу техонологийн өндөр шингээлт байхгүй, түүхий эдээрээ нь гадагш нь гаргадаг орон. Тийм учраас аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байна гэж үзсэн.
р
“Аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгоё. Өндөр технологи, шилдэг техникийг оруулж ирсэн үйлдвэр үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад чиглэнэ” гэсэн зорилттой. Үзэл баримтлал дотроо хэд хэдэн зорилго тавьж байна. Юуны өмнө аж үйлдвэрийн салбартай холбоотой хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлнэ. Мөн аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлтийг бий болгоно. Нэгдсэн аж үйлдвэрийн салбарыг эко систем, хүн амын суурьшил, түүхий эд, дэд бүтэцтэй холбон хамтад нь хөгжүүлнэ. Түүнчлэн аж үйлдвэрийн технологийн парк, тээвэр логижистекийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж тэргүүлэх чиглэлээ тодорхойлохоор болсон гэлээ.
х
Аж үйлдвэрийн салбарт өндөр технологи ашиглаж, эдийн засагт үлэмж нөлөө бүхий үйлдвэрлэлийг санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих аж. Энэ салбарт ажиллах боловсон хүчний бодлогыг төлөвлөгөөтэйгээр бэлтгэхээр төлөвлөжээ. . Аж үйлдвэрийн салбарт хэрэгжих бодлогын баримт бичиг тав таван жилийн зорилттойгоор 15 жилийн хугацаанд 2015-2030 он хүртэл хэрэгжих юм байна.
р
Дээрх бодлогын баримт бичигтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс аж үйлдвэрийн салбарыг эрчимжүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Уг зарлигийн төсөлд заагдсан зүйл нь ерөнхийдөө аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын үзэл баримтлалтай төстэй аж. Уг зарлигийн төсөлд Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийг онцолсон байна. Ингэхдээ төсвийн мөнгөөр худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын бараа бүтээгдэхүүнийг авахыг тусгажээ.
х
Түүнчлэн гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ-дыг эдийн засагжуулах талаар уг төсөлд тусгажээ. Тухайн оронтой манай улс эдийн засгийн болон худалдааны талаар ямар үйл ажиллагаатай байж болохыг судалж, харилцан хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь Элчин сайдуудын гол зорилго байх аж.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ