Мексикийн оюутнууд дахин жагсав
Мексикийн Герреро мужийн Игуала
хотын Багшийн их сургуулийн 43 оюутан өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд сураггүй
алга болсон юм. Оюутнуудын цогцсыг 21 хоногийн дараа Игуала хотын захын
хорооллоос олсон билээ. Энэ хэргээс болж Мексикийн томоохон хотуудад
эсэргүүцлийн жагсаал өрнөж, Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетог огцрохыг шаарджээ. Хэсэг хугацаанд чимээгүй байсан эсэргүүцлийн жагсаал дахин эхэлсэн
тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жагсагчид “Оюутнуудын амийг хэн
төлөх вэ” гэж бичсэн лоозон барьцгааж, цагдаагийн удирдлагуудыг гэмт
этгээдүүдийг хамгаалахыг оролдож байна хэмээн буруутгажээ. Нийслэл Мехико хотод
цугларсан жагсагчид Засгийн газрын ордон руу халдахыг завдсан байна.
Цагдаа нар оюутнуудын үхэлтэй холбогдуулан “Геррерос Унидос” гэх гэмт бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилснаас гадна Игуала захирагч Хосе Луйс Абарка болон түүний эхнэр Мариа де лос Анжелес Пинедаг баривчлаад буй юм. Баригдсан тус бүлэглэлийн гишүүд оюутнуудын аминд хүрээд, дараа нь шатаасан гэдгээ хүлээжээ. Тэд захиалгын дагуу дээрх оюутнуудын аминд хүрснээ мэдэгдсэн ч захиалагчийнхаа нэрийг хэлэхээс эрс татгалзсан юм. Гэрчүүд “Оюутнууд алга болохоосоо өмнө Игуала хотын захирагч болон түүний эхнэртэй уулзаж байсан” гэж мэдээлжээ. Захирагч мэдүүлгийнхээ үеэр оюутнуудыг заналхийлж байснаа хүлээсэн ч тэдний аминд хүрээгүй гэдгээ мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ