Монгол Улсын гурван сая дахь иргэнийг Монголжин гэдэг
Төрийн тэргүүн гурван сая дахь иргэнийг зарлана
Манай улс бүх нийтээрээ гурван сая дахь иргэнээ угтан авахаар өнгөрсөн оноос хүлээлт үүссэн. Харин энэ баяр мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагт хийх мэдээллээрээ хүргэх бололтой. Монгол Улсын гурван сая дахь иргэн хэзээ, хаана, хэнийг хүү /охин/ болон мэндэлснийг Төрийн тэргүүн ард түмэндээ дуулгах юм байна.
х
Гурван сая дахь иргэн Өмнөговь аймгаас тодорлоо
Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.
ө
Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ. Өнөөдөр морин цагт буюу 11.40 цагаас Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгах гэж байна.
а
Гурван сая дахь иргэнийг 2 өрөө байраар урамшуулна
Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн баярт мэдээг Ерөнхийлөгчид айлтгалаа. Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга П.Цагаан танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөөний 08.27 цагт эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсоныг дуулгав. Үүний дараа Статистикийн үндэсний хорооны дарга С.Мэндсайхан гурван сая дахь иргэнийг хэрхэн тодруулсан талаараа мэдээлэл өгсөн юм.
а
С.Мэндсайхан: "2015 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Монгол Улсын хүн ам 2.995.949 байна хэмээн мэдээлснээр бидний ажил эхэлсэн. Ингээд мэдээлэл цуглуулах ажлыг орон даяар болон гадаад хийсэн. Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын хүн ам гурван саяд хүрлээ. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрлөө" гэсэн мэдээллийг өгөв.
ө
Үүний дараа Ерөнхийлөгч үг хэлсэн юм. Тэрбээр "Морин жилийн бариа ойртож буй энэ өдрүүдэд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэллээ. Монголын хүн ам цаашдаа гурван сая гэсэн тоон дээр тоологдоно. 3.2 сая, 3.3 сая гэж тоологдохоор боллоо. Ингэж тоологдсоор бас нэг өдөр, бас нэг цаг үед дөрвөн сая, таван сая дахь иргэнээ монголчууд угтаж авах сайхан бэлэг дэмбэрэл жилээс жилд, өдрөөс өдөрт ойртож байна. Гурван сая дахь иргэд болж төрсөн эх хүүхэд, тэдний аав, төрөл төрөгсдөд Монголын ард түмнийг төлөөлөн сайхан сайхныг хүье.Монголчууд улам олуулаа болж, улам аз жаргалтай амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" гэлээ.
х
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг хоёр өрөө байраар урамшуулахыг дуулгав. Мөн өнөөдөр үдээс хойш Засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийж, гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг урамшуулах асуудлыг ярилцах юм байна.
а
Ерөнхийлөгч 3 сая дахь иргэнд Монголжин гэдэг нэр өгчээ
Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-нд мэндэлсэн билээ. Энэхүү баярт мэдээг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгасан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд Монголжин гэдэг нэр хайрласан байна.
а
Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба: Эх хүүхдийн эрүүл мэнд сайн байна
а
-Эх, хүүхдийн биенийн байдал ямар байна вэ?
-Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өглөө 08.27 минутад эх орондоо мэндэлсэн. Охин 3,5 кг жинтэй, 50 см урттай. Одоогийн байдлаар эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
х
-Энэ өдөр хаана хаана шинэ хүн төрсөн бэ?
-24-ний өдөр нийт 181 иргэн мэндэлсэн. Үүнээс гурван иргэн хилийн чанадад, бусад нь эх орондоо мэндлээд байна.
х
-3 сая дахь иргэндээ эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ хүргэх бол?
-Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан үдээс хойш хуралдана. Хуралдаанаар эх хүүхэдтэй холбоотой Засгийн газрын өмнөх хуралдаанаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол гарна гэж бодож байна.
х
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Аав, ээжээс нь зөвшөөрөл авна
а
-3 сая дахь иргэнийг алдаршуулах ажил хэзээнээс эхлэх бол?
-Монголчууд бид дөнгөж төрсөн хүүхдийнхээ талаар хамаагүй яриад байдаггүй, цээртэй. Ээж, аавынх нь зөвшөөрлийг авч, эрхзүйн орчин бүрдүүлсний дараагаар энэ асуудлыг ярина. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дээрх ажлуудыг хэрхэн зохион байгуулах талаар холбогдох шийдвэр гарна.
а
ҮСХ-ны дарга С.Мэндсайхан: Төрөлтийг төр, засгаас анхаарах хэрэгтэй
ө
-Өнөөдрийн статистик тоогоор Монгол Улсын хүн ам хэд хүрсэн бэ? -Өнөөдрийн байдлаар хүн амын тоог гаргаагүй байна. Ямартай ч Монгол Улсын хүн ам 3 сая 500 орчимд хүрсэн байх гэж тооцоолж байна. Монголчууд өнөөдөр 4 сая руугаа хурдан ойртоход анхаарах зүйл бий. 1990-ээд оны үед төрсөн хүүхдийн тоо цөөн. Энэ хүүхдүүд өнөөдөр насанд хүрчээ. Тиймээс энэ цаг хугацаанд төрөлт ямар байхыг төр засгаас онцгой анхаарах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ