Хорих ангиудад 23 гэмт хэрэг гарчээ
Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад 2014 онд гарсан гэмт хэргийн талаарх судалгааг хийсэн байна. Судалгаагаар дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих ангиудад нийтдээ 23 гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, дүүргийн нэгдүгээр прокурорын газрын харьяа хорих ангиудад таван гэмт хэрэг, дүүргийн хоёрдугаар прокурорын газрын харьяа хорих ангиудад долоон гэмт хэрэг, дүүргийн гуравдугаар прокурорын газрын харьяа хорих ангиудад зургаан гэмт хэрэг, дүүргийн дөрөвдүгээр прокурорын газрын харьяа хорих ангид таван гэмт хэрэг гарсан байна.
Үүнээс хорих 407 дугаар ангид хоёр, хорих 409 дүгээр ангид нэг, хорих 421 дүгээр ангид хоёр, цагдан хорих 461 дүгээр ангид дөрөв, хорих 429 дүгээр ангид нэг, хорих 411 дүгээр ангид хоёр, хорих 417 дугаар ангид хоёр, хорих 427 дугаар ангид дөрөв, хорих 415 дугаар ангид таван гэмт хэрэг тус тус бүртгэгджээ. Гэмт хэргүүдийг ангилж үзвэл хүнд гэмт хэрэг тав, хүндэвтэр гэмт хэрэг 11, хөнгөн гэмт хэрэг долоо гарсан. Хэргийн шийдвэрлэлтийн байдлыг судалж үзэхэд долоон хэргийг хэрэгсэхгүй болгож, есөн хэргийг шүүхээр шийдвэрлэж, зургаан хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж, нэг хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй байна гэж УЕПГ-аас мэдээллээ.
ө
Хорих ангиудад гарсан гэмт хэргүүд нь ялтны харуул хамгаалалтанд тавих хяналт сул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажлын хариуцлага хангалтгүй, ялтны дунд зохиох сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа. Мөн ялтнуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хорих ангийн захиргаанаас зохион байгуулж буй ажил хангалтгүй байгаатай шууд холбоотой гэж үзжээ.
ө
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ