Энхийг сахиулагчдын сургалтын төвийг шинэчиллээ
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын гол зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа залуус бол Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид билээ. Өнөөдрийн байдлаар гурван сая монголчуудын 11 мянга гаруй цэргийн албан хаагчид энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Энэ цаг хугацаанд гэхэд л 1000 гаруй албан хаагчид маань НҮБ-ын болон эвслийн цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлж явна. Тэгвэл тэдний бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд мэргэшихэд нь АНУ-ын ард түмэн тусалж байна. Тодруулбал, АНУ-ын буцалтгүй тусламжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв" төслийн хүрээнд сэргээн зассан барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр болов.
a
Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Кэмпбэлл, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд нар оролцов. Мөн ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Крис Ди Сикко, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Баатар нарын албаныхан оролцсон юм.
a
Зэвсэгт хүчний "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв" төслийг АНУ-ын "Дэлхийн Энхийн Ажиллагааны санаачлага" байгууллага, АНУ-ын Цэргийн Инженерийн Корпус хамтран гүйцэтгэж байна. Төсөл хоёр үе шаттай. Эхний үе шат нь 2007-2010 оны хооронд хэрэгжсэн бөгөөд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хичээлийн байр, цэргийн байр, эмнэлэг, халуун ус, уурын зуух, инженерийн шугам сүлжээ зэрэг байгууламжийг сэргээн засч шинэчилжээ.
a
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ энэ томоохон ажлын үр дүнд Зэвсэгт хүчний сургалтын төв нь өнгөрсөн онд Ази, Номхон далайн орнуудын Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн холбоо, НАТО-гийн "Түнш орнуудын сургалт боловсрол"-ын сүлжээний гишүүн болсон тухай онцолсон. Мөн тэрээр АНУ-ын ард түмний тусламжаар НҮБ-ын төрөл бүрийн сургалт, олон улсын цэргийн хамтарсан сургууль дадлагууд энэхүү баазыг түшиглэн зохион байгуулагдах боломж нэмэгдэж байгаад талархаж байна гэв.
a
Харин барилгуудыг сэргээн зассан "ТТК", "Алтан өргөө" хэмээх компанийн удирдлагуудын зүгээс чанарын өндөр төвшинд засч шинэчилсэн. Америкчууд ч өөрсдөө ч их хяналт тавьж ажилласан, бид хэдэн зуун жилийн баталгаа өгч чадна хэмээн амлана лээ. Тэгвэл АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Крис Ди Сикко "Төсөл хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Бидний ажил дуусахад таван мянган ам.доллар зарцуулагдсан байна" гэсэн юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ