Охидын өдөрлөг болно
Охидод мэргэжлийн чиг баримжаа олгох “Girls Day”буюу “Охидын өдөрлөг” маргааш болох гэж байна. Уг өдөрлөгийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ХБНГУ, Швейцарь болон Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. Уг өдөрлөгөөр дунд сургуулийн охидод техникийн мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах мэдээлэл өгөх юм байна. Энэ талаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн мэргэжилтэн Д.Оюунсанаагаас тодрууллаа.
а
-“Girls Day” өдөрлөгийг манай улсад анх удаа зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ өдөрлөгөөр охидод ямар “мэссежи” хүргэх вэ?
-Манай улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй уг өдөрлөг өдгөө дэлхийн олон оронд уламжлал болсон арга хэмжээ юм. Бид энэ өдөрлөгөөр өсвөр насны охидод техникийн мэргэжлийн талаар мэргэжлийн чиг баримжаа, мэдээлэл олгохыг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн сонирхлыг тухайн салбарт хандуулах, техникийн мэргэжлийн салбарын залгамж халааг бэлтгэнэ гэсэн үг.
а
-Хэдээс хэдэн насны охид оролцох вэ?
-Энэ удаад ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 9, 12 дугаар сургуулийн ахлах ангийн 80 эмэгтэй сурагчийг оролцуулахаар болсон. Тэд бүтэн өдрийн турш Техник технологийн дээд сургууль дээр техник мэргэжлийн талаарх мэдээ, мэдээлэл авч,сургалтын өрөө, танхим, багаж техниктэй танилцахаас гадна практик дадлагад суралцан, өөрсдийн авьяас чадварыг сорих юм. Практик дадлага нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, оролцож байгаа охидын ур чадварт тохирсон байгаа. Үүнээс гадна уг өдөрлөгт аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа охидод танилцуулна” гэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ