Ноён уулыг хамгаалах ёслол үйлдэв
Босоо хөх Монгол ТББ, Дэлхийн Монгол ногоон нэгдэл хөдөлгөөн хамтран хэдхэн хоногийн өмнө "Ноён уулаа аваръя" жагсаалыг зохион байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Ноён уулыг аврах, тус уулын савдаг, эздийг сэрээх зан үйлийг одоо Чингис хааны нэрэмжит төв талбайд хийж байна. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа билээ.
б
Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Э.Төмөрхуяг "Өнөөдөр талбай дээр 50 бөө, удган бөөлнө гээд ирцгээсэн. Гэвч цагдаа нар талбай руу оруулахгүй байна. "Сентарра гоулд"-ынхан Ноён уулан дээр лам нар аваачиж, лус савдгийг нь унтуулах гэж ном уншуулсан юм байна лээ. Тэгээд монгол ёс заншлаараа бөөгийн үйлийг хийж, уулын лус савдгийг сэрээе гэж бодсон. Үүнийг хараад Төрийн ордон дотор байгаа хүмүүс ямар нэг юм бодох байх" гэв.
ө
Харин хэдэн эмэгтэй цуглаанд ирсэн хүмүүсийг тойрог болгон зогсоогоод Ноён уулыг аврах ёслол гэгчийг үйлдэж байна. Үүнийгээ Хуагчин удган бөө мөргөлийн төвийн тэргүүн Л.Загдаа "Наран ижийдээ мөргөж байна. Бид нараар дамжуулан ядарч, шаналж буй уулын эздийг хамгаалж байгаа юм. Энэ ёслолыг зөв зүйтэй үйлдсэнээр уулын эзэд сэрж, хамгаалах болно" гэж тайлбарлав.
ы
Өнгөрөгч сарын 26-нд болсон "Ноён уулаа аваръя" жагсаалыг зохион байгуулагчид Ноён уул орчмын Хүннүгийн үеийн хаад ноёдын бунхан болон чулуун зэвсгийн үеийн үнэт олдворуудыг Төрийн хамгаалалтад авахыг хүссэн. Урт нэртэй хуулийг хүчингүй болгох, ямар нэг хэлбэрээр өөрчлөлт оруулахгүй байхыг шаардсан. Уг шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно, ингэхдээ үймээн самуун гарч, ноцтой үр дагавар авчирвал хариуцлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээнэ гэж заасан тухай мэдээлж байсан.
ы
Б.Хүлэг
Гэрэл зургийг Б.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ