Засгийн газрын хуралдаан болов
Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн батлаад, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Манай орны экспортын бүтээгдэхүүний 97 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай байгаа нь энэ салбарын бүтээгдэхүүн боловсруулах чадавх болон технологийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшин 10-30 хувиас хэтрэхгүй байгаа ба ихэнх түүхий эдийг үнэ цэнэ шингээлгүй экспортолдог.
Иймд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд үзүүлэх төрийн дэмжлэгийн хэлбэрийг,
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай хүүгүй, нэг удаа олгох,
-Өндөр ашиг бүхий шинэ технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, импортыг орлох болон экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгохоор тусгажээ.
Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, нэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 5,29 хувийг бүрдүүлжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх зорилт тавьж байна. Энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааг үүсгэн, цаашид хөгжүүлэх шаардлагатай.
Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгох үүднээс Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Тус хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгажээ.
Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримтлан Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эрүүгийн хуулийг 2002 онд баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 2008 онд авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 2015 оны долдугаар сард дуусах тул нэмэлт зээлийн хэлэлцээрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай болжээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, уг хэлэлцээрийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Энэхүү төслийг санхүүжүүлэх жилийн 0,2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил зэрэг нөхцөлтэй 28,8 тэрбум иенийн Зээлийн гэрээг Япон улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд 2008 оны тавдугаар сард үзэглэж, тус сарын 29-нд УИХ-аар баталж байжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн урилгаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчлал хийх үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй энэхүү бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүлэх талаар хэлэлцэж, дутагдаж байгаа хөрөнгийг өмнөх зээлийн нөхцөлтэй ижил нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх зарчмын тохиролцоог хийсэн байна.
Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан:
-Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км,
-Алтай-Дарви чиглэлийн 165 км,
-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км,
-Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км,
-Мандал сум Зүүн хараа 15,8 км хатуу хучилттай автозам төслүүдийн концессын гэрээг эцэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарын үсэг зурахад бэлэн болгохыг түүнд даалгалаа.
Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа.
“Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулна.
Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-д, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд зохион байгуулна.
САREC хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрыг Сангийн сайд төлөөлнө
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Сангийн сайд Ж.Эрднэбатыг томиллоо.
Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн орнуудыг тухайн улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн төлөөлөн ажилладаг бөгөөд 2002-2012 онд Сангийн сайд, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд төлөөлжээ.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (САREC) бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1997 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдаж, манай улс 2002 онд хөтөлбөрийн гишүүнээр элссэн байна. Тус хөтөлбөр нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд гишүүн орнуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн харилцан тохирсон бүс нутгийн чанартай төслүүдийг зам тээвэр, худалдаа, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чиглэдэг байна.
Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Жендерийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нар тус хороонд багтлаа.
Тус хорооны нарийн бичгийн даргыг орон тооны байхаар Засгийн газрын тогтоолд тусгалаа.
Товч мэдээ
- Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд аймагт 2014 онд гарсан байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас төрийн байгууллага, иргэдэд учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон 32 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэрийн үнэ болон гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдын томилолт, урамшууллын зардалд шаардагдах 866 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
- УИХ-ын гишүүн Д.Арвин нарын санаачлан боловсруулсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
- УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
- Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалтын тухай хуулийн төсөлд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
- Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг шинэчлэн баталлаа.
- “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны тогтоолд заасан “Хонины ноос, тэмээний ноосны кг тутамд 2000” гэснийг “малын ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанараас хамааруулан хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 1000-2000” гэж өөрчлөх тухай тогтоолын төсөл, үзэл баримтлалыг УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-д өөрчлөлт орууллаа.
- Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ