Л.Эрдэнэчимэгийн хуулийг буцаав
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа ямар асуудлууд хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар хэд хэдэн мэдээлэл сонссоны дотор хамгийн эхэнд Тавантолгойн төслийн хэлэлцээрийн талаарх нэмэлт мэдээлэл сонссон байна.
й
Мөн Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд хууль санаачлагчид нь хуулийн төслийг буцаахаар болсон аж. Учир нь Засгийн газраас "Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр" бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барих гэж буй. Иймд бодлогын баримт бичгийг өргөн барьтал Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар болжээ. Түүнчлэн АН-аас томилогдсон сайд нарыг дуудаж уулзан, төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг халж сольж байгаа эсэх асуудлаар мэдээлэл авахад халаа сэлгээний асуудал тухайн яаманд байхгүй гэсэн хариулт өгсөн гэнэ. Дараагийн хуралдаанд МАН-аас томилогдсон сайд нартай уулзаж, дээрх асуудлыг тодруулах аж. Үүний зэрэгцээ АН-ын үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг бүлгийн гишүүдэд танилцуулсан гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.
й
Бүлгийн дэд дарга С.Одонтуяа мөн УИХ-аар хэлэлцэж буй урт нэртэй хуулийн журмын тухай хуулийн талаар иргэд ташаа ойлголттой байна. Чуулганаар урт нэртэй хуулийг өөрчлөх гэж байгаа юм биш, энэхүү гол хуулийн түр зохицуулалтыг хангах үүднээс журмын тухай хуулийг хэлэлцэж байгаа хэмээн онцолсон юм.
й
Энэхүү мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
й
-Тавантолгойн төслийн ажлын хэсгээс хэлэлцээрийн үр дүнгийн талаар нэмэлт мэдээлэл сонссон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Б.Гарамгайбаатар: Гишүүд Монголын талын 51 хувийг эзэмшигч “MMC” компанийн дотоод зохион байгуулалтын талаар маш их асуусан. Үүнд Ажлын хэсэг тодорхой, ил тод мэдээлэл өгсөн. Төмөр замтай холбоотой асуудал бий. Тодруулбал төмөр замын суурь бүтэц нь төрийнх байх уу, хувийн компанийнх байх уу гэдэг маргаантай байна. Энэ асуудал дээр санал бодлоо илэрхийлж байгаа. Тавантолгой төслийг цааш нь явуулах дээр бүлэг нэгдсэн байр суурьтай байгаа. Хэлэлцээ үргэлжилж байна. Энэ бол Засгийн газрын хийх ёстой ажил. Ганцхан УИХ дээр, бүлэг дээр өгч буй мэдээлэл хуулийн хүрээнд байгаа эсэх дээр гишүүд байр сууриа илэрхийлж байна.
й
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрхэн боловсруулах вэ?
-Намуудын зөвшилцлийн хүрээнд тохирсон асуудлууд байгаа. Үүнд засагт хамтарсан намууд өөрсдийн зүгээс тодорхой төсөл хэрэгжүүлэх саналуудаа боловсруулж өгнө. Тэдгээрийг Засгийн газарт нэгтгээд, мөн гадаад, дотоодын зөвлөгөө өгдөг байгууллагуудтай ярилцаад нэгтдсэн төлөвлөлт гаргахаар шийдсэн. Энэ дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө боловсруулаад удахгүй танилуулна гэдгээ хэлсэн. Мөн МАН-ын бүлэг өчигдөр 15 чиглэл бүхий төлөвлөгөөгөө гаргаж өгсөн. АН-ын хувьд нэн шаардлагатай байгаа гурван хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Өрийн удирдлагын тухай хууль, урт нэртэй хуулийн дагаж мөрдөх тухай журмын тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг яаралтай гаргаж, бэлэн болгохоор ажиллаж байна.
й
-Боловсон хүчний халаа сэлгээ хийхгүй байх талаар намууд ярилцсан зүйл бий юу?
-Намууд хамтарсан Засгийн газар байгуулахдаа халаа, сэлгээ хийхгүй байх зөвлөмж гаргасан. Үүнийг хэрхэн биелүүлж байгаа талаар сайдуудаас тодруулга авч байгаа. Энэ дагуу өчигдөр АН-ын бүлгээс томилогдсон сайд нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл авсан. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боловсон хүчнээ ажлаас нь халсан, чөлөөлсөн асуудал байхгүй гэдгийг салбар хариуцсан сайд нар нь хэлсэн.
й
-Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ямар шинэчлэлүүд хийгдсэн бэ?
С.Одонтуяа: “Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль нь ирэх долдугаар сайрын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Харин зарим зүйл заалтууд нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Төрөөс даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэдэд өмнө нь сард 670 төгрөг төлөгддөг байсан. Энэ нь ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэх бодит өртөг биш гэж үзсэн учраас шинэ хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тогтоож байхаар заасан. Тодруулбал, нэг иргэнд сард 3840 төгрөг буюу жилд 46 мянган төгрөгийг төрөөс төлнө. Хүүхдийн шимтгэл нэг хувиар тогтоодсон бөгөөд 100 хувь төр хариуцна. Харин оюутнуудын даатгалын шимтгэлийг төр хариуцдаг байсныг болиулж, өөрсдөө хариуцахаар болсон. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар буюу жилд 23 мянган төгрөг төлөх бөгөөд энэ нь ирэх оноос эхлэх юм. Бусад ажилтан, албан хаагчдын хувьд цалингийнхаа дөрвөн хувиар бодож төлөх бөгөөд үүний хоёр хувийг ажил олгогч харицдаг журам хэвээр үйлчилнэ" гэлээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ