Донецкт таван цэрэг амь үрэгджээ
Украины зүүн хязгаарын Донецк мужид салан тусгаарлагчид болон армийнхан тулалдсаар байна. Өчигдөр болсон тулааны үеэр таван цэрэг амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус мужаас өдөрт 500-1000 хүн дүрвэж буйг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дэвид Кен мэдэгджээ. Мөн тулааны бүсэд 5.2 сая иргэн амьдарч буйг Кен онцолжээ.
1
Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн тулааны үеэр нийтдээ 41 цэрэг, 29 салан тусгаарлагч, 15 энгийн иргэн амиа алдаад байна. Донецк мужид гэрэл цахилгаан тасарч, цэвэр усны хомсдол үүсчээ. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мужийн оршин суугчдад тусламж үзүүлэхийг хүссэн ч “Бүгд Найрамдах Донецк улс”-ын удирдлагууд эрс татгалзжээ.
1
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр төв телевизээр дамжуулан “Шинэ Украины төлөө харилцан зэвсгээсээ татгалзья. Украины Засгийн газар салан тусгаарлагчидтай хэлэлцээр хийхийг хүсч байна. Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө гал зогсоох гэрээг байгуулцгаая. Боломж та бүхний гарт байна” гэж хэлжээ.
Энэ сарын 20-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хүсэлтийн дагуу хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суухаар тохиролцсон аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ