Аж үйлдвэрийн яам бодлогоо танилцууллаа
Аймаг, дүүргийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан семинар өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд эхэллээ. Семинар өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм. УИХ-аас 2014 оны арванхоёрдугаар сарын 04-ий өдөр Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газраас 2014 онд “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 382 дугаар тогтоолыг баталсан билээ.
ө
Тогтоолоор тус яам стратегийн бодлого, төлөвлөлт, хүнд үйлдвэрийн бодлого, хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалт, хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, төрийн захиргаа удирдлагын гэсэн долоон газар, долоон хэлтсийн бүтэцтэй батлагдсан юм. Тиймээс Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, чиг үүргийн дагуу жижиг, дунд үйлдвэрийн бодлогын асуудлыг Аж үйлдвэрийн сайд эрхлэх болсонтой холбогдуулан Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 10 ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Чиг үүргийн дагуу одоогоор нийслэлийн есөн дүүрэг 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтэст жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хариуцан ажиллаж байгаа 54 мэргэжилтэн, дөрвөн бизнесийг дэмжих төв шилжин ирж байгаа юм.
ө
Энэ хүрээнд орон нутаг болон дүүргүүдэд ажиллаж буй мэргэжилтнүүдэд салбарын бодлого, чиг үүргийг танилцуулах зорилгоор дээрх семинарыг зохион байгуулж байна. Семинарт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, хэлсэн үгэндээ “Одооноос та бүхэн Аж үйлдвэрийн яаманд харъяалагдахаар боллоо. Тиймээс шат, шатандаа үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, тухайн орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд улс төсөл уралдуулагч болж хувирсан. Харамсалтай нь улс, орны амьдралд хэрэгтэй, эдийн засгийн бодит хэмнэлт гаргаж, ахисан үндэсний үйлдвэрлэгчийн тоо нэмэгдсэнгүй. Үүнд бид бодит дүгнэлт гаргах ёстой” хэмээн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ