Ахмадууд "Монгол банк"-ны урд жагсана
Монголын Ахмадын холбооноос тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээл олголтыг уян хатан болгох санал хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжлахаар “Шударга хүү” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж эхэлжээ. Тэд энэ тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээлэв.
б
Манай улсын 218 мянган ахмад сард дунджаар 225 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа аж. Гэхдээ тэдний 90 хувь тэтгэврийн зээлтэй гэнэ. Тиймээс зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах саналыг УИХ-ын гишүүд, Монгол банк, Банкуудын холбоо, Хаан банк, НДЕГ-т хүргүүлсэн байна. “Шударга хүү” хөдөлгөөнийхний хэлж буйгаар зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэнэ. Мөн ахмадууд маргааш Монголбанкны үүдэнд жагсаал хийхээр шийджээ.
б
Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Монголбанкны гуравдугаар улирлын тайлангаас үзэхэд улиралд 15.6-24.0 хувийн хүүтэйгээр 159.3 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгогдож 351.3 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байна. Эдийн засгийн хүндрэлтэй, үнэ ханшийн өсөлтөөс болж тэтгэврийн зээл авах иргэдийн тоо мөнгөн дүнгийн хэмжээ огцом өсч, ахмад настнууд 3-12 сар, зарим нь 24-36 сарын хугацаагаар зээл авсан байна. Гэхдээ зээл авснаас хойш олон сараар тэтгэвэр, ямар нэгэн орлогогүй болж, ахмадуудын амьдралд хүндээр нөлөөлж байна. 2012 онтой харьцуулахад зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна” гэв.
б
Тус хөдөлгөөний зохицуулагч, эдийн засагч С.Зоригтбаатар “Банкнуудаас зардал гарахгүй хамгийн шуурхай зээл бол тэтгэвэрийн зээл учраас хүүг бууруулах бүрэн боломжтой. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн “Голомт”, “Худалдаа хөгжил” зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэггүй арилжааны банкинд байгаа мөнгийг тэтгэвэр авагчдад үйлчилдэг банкинд бага хүүтэйгээр байршуулж, хүүг бууруулах хэрэгтэй. Мөн тэтгэврийн зээл болон тэтгэврийг урьдчилан олгох асуудлыг арилжааны банкаар дамжуулахгүйгээр нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө шийдвэрлэдэг байх. Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангаас татаж нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд байршуулах” хэрэгтэй гэж ярилаа.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ