“Улс төрөө хойш тавьж ажиллая”
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
a
“Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн хоногуудад Монгол Улсын нийт иргэдийн дунд санал асуулга явуулах ажлыг Ерөнхий сайд миний бие санаачлан явуулсан. Энэ мессэж санал асуулгад нийтдээ 365 мянган иргэд оролцсон байна. УИХ-ын сонгуульд оролцдог ирцээр тооцвол сонгуульд оролцдог иргэдийн тал хувь нь санал асуулгад оролцсон байна. Гол нь заавал санал өгөх албагүй, иргэд өөрсдийн санаж бодож байгаагаа илэрхийлэх эрхтэй энэ ажилд 365 мянган хүн оролцож байна гэдэг нь миний хувьд төсөөлөөгүй өндөр тоо байлаа. Манай иргэд ч тэр үнэхээр идэвхитэйгээр энэ ажилд оролцлоо.
a
Ингээд нийт оролцсон хүмүүсийн 56.1 хувь нь Монгол Улсад Оюутолгой болон бусад том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа эрчимжүүлж тэлэх нь зөв гэсэн замыг сонгосон бол 43.9 хувь нь эдийн засагтаа сахилга батыг хангаж, төслийн үрэлгэн зардлыг багасгах чиглэлээр ажиллахыг Засгийн газарт үүрэг болголоо гэж үзэж байна. Тийм учраас Засгийн газар цаашид том бүтээн байгуулалтынхаа төслүүдийг түлхэх, эдийн засаг, төсөв санхүүгийнхаа энэ бодлогуудыг цэгцэлж, төсвийн алдагдлаа бууруулах чиглэлд үйл ажиллагаагаа явуулна гэдгээ хэлэхийг хүсэж байна.
a
Засгийн газрын явуулж байгаа энэ үйл ажиллагааг УИХ ч гэсэн дэмжиж ажиллана гэдэгт илтгэж байгаагаа илэрхийлж байна. Эдийн засгийн хзндрэлийг даван туулах энэ арга хэмжээг Засгийн газраар яг одоо хэлэлцээд дуусаж байна. Энэ юу хэлж байна гэхээр манай иргэдийн идэвхитэй байр сууриа илэрхийлсэн энэ идэвхижилтэд Монгол Улсын Засгийн Газар тэр дор нь хариу өгч байгаа хэрэг юм. Мөн Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаараа эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын шийдвэрийг өргөн барихаар шийдвэрлэж байна.
a
Энэ арга хэмжээний тухай УИХ тогтоолдоо нэгдүгээрт, макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр, хоёрдугаарт, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэлээр гэсэн ийм үндсэн хоёр чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний хамт УИХ-д өргөн барих юм. Өргөн барих ажлаа маргаашнаас зохион байгуулж эхэлнэ. Тиймээс одоо бид улс төрөө хойшоо тавьж, улс эх орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе ирсэн гэдгийг ахин дахин хэлэхийг хүсэж байна” гэлээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ