С.Эрдэнэ сайд Говьсүмбэр аймагт ажиллав

img

 Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид өнөөдөр Говьсүмбэр аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ үеэр тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн шинэ байрны нээлт болжээ. Өмнө нь тус хэлтэс орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Ингэснээр ажилчид тав тухай орчинд ажиллах, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж байгаа аж.  Мөн аймгийн хэмжээнд байгаа  5000 гаруй даатгуулагч болон даатгалд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлж ажиллах, нэг цонхны системээр үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.

Түүнчлэн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн Говьсүмбэр аймгийн чацуутанд хүндэтгэл үзүүлсэн байна. Аймгийхаа нэгдсэн эмнэлэгийн төрөх эмнэлэгт эцэг Хүрэлхуягийн Цэвэгням, эх Гантөмөрийн Отгончимэгийн гэр бүлд төрсөн Баясгалан охин Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутанаар тодорчээ. Говьсүмбэр аймгаас тодорсон үе чацуутан 1 сарын 23-ны өдөр 17 цаг 31 минутад мэндэлсэн байна.

Гурван сая дахь иргэний үе чацуутанд хүндэтгэл үзүүлэх үеэр, аймгийн Засаг дарга Л.Одсэр  70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгож, нийтэд алдаршуулах, аймгийн 3 сая дахь иргэн гэсэн батламж гэрчилгээг нь гардуулжээ.

П. Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ