Ээдрээт улс төр

img

Намрын чуулган ихээхэн онцлогтой үргэлжилж байгаа юм. Морин жилийг үдэн, хонин жилийг угтах хүртэл намрын чуулган хугацаа сунган хуралдаж байна. Намрын чуулган Шинэчлэлийн засгийг огцруулж, Шийдлийн засгийг байгуулах гэж багагүй хугацаагаа зарцуулсан гэхэд болно. Гэхдээ хуралдахаасаа илүүтэй УИХ дахь эвсэл бүлэг, нам дахь фракц хоорондын үл ойлголцол, улс төрийн тохиролцоо, толхилцлыг зөвшилцөх гэж цаг алдсан нь илүүтэй. Парламент дахь сөрөг хүчин шаардлага тавьж, эрх баригчдаас дэмжсэнээр АН Ерөнхий сайдаа шинээр томилж, намын даргаа ч өөрчлөн томилов. Энэ оны төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлээ хуулийг хоёр ч удаа тодотгон батлав. Гэвч асуудал үүгээр дуусахгүй бололтой, хаврын чуулганаар Засгийн газар төсвийг тодотгуулахаар дахин өргөн барих магадлалтай гэсэн анхааруулга, сануулгатайгаар үлдсэн.





“АНМАН” үзэлцэх үү


Энэ он сонгуулийн өмнөх жил учир сонгогчдын сэтгэлийг эргүүлж, саналыг татах ирэх оны төлөвлөгөөндөө орж, эрх баригч хүчин мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтдээ голлон анхаарч, ярихаасаа илүү хийх, бүтээн байгуулах зарчмыг барьдаг. Атал энэ удаад эрх баригчид мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтэд анхаарах байтугай “73-ын бүдүүн” бүлэг хэмээн цоллуулан, Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүдийнхээ аманд багтах нь холгүй байна. Учир нь Засгийн газарт хамтарсан МАН-ын зүгээс эрх баригч АН-ынханд “мөрийн хөтөлбөрөө шинээр батал” гэж “нүд орой дээр гаргам” гайхшруулсан шаардлагыг тавьж байгаа. Жил гаруйн хугацаанд байтугай дөрвөн жил хичээгээд хэрэгжүүлж чадаагүй мөрийн хөтөлбөрийг парламент дахь улс төрийн хүчнүүд хамтарсан үедээ шинээр боловсруулж хэрэгжүүлнэ гэдэг юу л бол. Хоёр жил гаруй сөрөг хүчний үүргийг парламентад гүйцэтгэж ирсэн МАН эрх ашгийн төлөө Засагт хамтарсан хэдий ч “малгай тавиад манайх, маргааш болохоор хүнийх” гэдэг шиг хоноцын сэтгэлгээгээр хандан, шогтож байгаагаас гарцаагүй гэж зарим ажиглагч үзэж байна лээ. Үүнээс гадна өмнөх парламентад АН-ынхан МАН-тай хамтарч МАНАН байгуулахдаа сонгуулийн жилийн шинэ оны босгон дээрээс салан одсон. Улс төр хатуу тоглоом, өр зөөлөн хүн тойргийн гадна үлддэг бичигдээгүй хуультай. Тиймээс хамтарч байгаад “сааль сүүний үеэ дөхөхөөр хаяад явсан” мөнхийн өрсөлдөгч АН-ыг МАН уучилж өршөөн, тэр жилийн явдлыг мартсан гэж бодож байгаа бол эндүүрэл. Тэр шарх тэр жилийн сонгуулийн дараалсан ялагдлууд, цөөнхийн суудал авчирсан он жилүүд гээд томоос том сэдэрсэн, өнөө ч аниагүй байгаа. Тиймээс ч улс  төрийн ууган хүчин засагт хамтрахдаа манантах бус ана мана үзэлцэнэ гэсэн зорилготойгоор шүд зуун гар барилцсан биз.



Өөд татахгүй “өрийн босго”


Шинээр байгуулагдаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажилдаа ханцуй шамлан  ороход  орчин бүрдээгүй  байна. Хууль эрх зүй нь бүрдсэн ч өнөөдрийн нийгэм, эдийн засгийн  нөхцөл байдал хүнд, улс төр ээдрээтэй өрнөж байгаа юм. “73-ын бүдүүн” бүлэг гэж цоллуулж байгаа ч Засгийн газрын өргөн барьсан 2015 оны төсвийн тодотгол ногоон гэрлээр батлагдсангүй, парламент эрс  засварлав. Ерөнхий сайд хэмнэлтийн горимд шилжилж, төсвийн байгууллагын албан хаагчдыг 15 хувиар цомхотгон, халамжийн төсвийг хумхи нэрийдлээр эх, хүүхдийн жилдээ нэг авдаг урамшууллыг танахаар тодотгосон нь улстөрчдийн байтугай нийгмийн эгдүүцлийг хүргэж, экс дарга Н.Алтанхуягаасаа “Наад популимзмаа зогсоо, цалингаа тавь” хэмээх зэмлэл хүртсэн.  Үнэндээ ч шинэ оны эхний сар төсвийн тодотгол хийгдсэн учир төсвийн ажилтнууд хямралын жил нэг сар цалин хүлээн, чангалуулсан нь үнэн. Засгийн газрын тэргүүн өрийн босгыг ДНБ-ий 70 хувь хүртэл болгох хүсэлтэй байсан ч, парламент 58.3 хувьд барихаар баталлаа. Өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьд хүрсэнийг Сангийн яам хэлж байгаа. Энэ оны эцэс гэхэд УИХ-ын баталсан хэмжээнд хүрэх төлөвтэй гэж дуугарсан. Харамсалтай нь  өнөөдрийн баталсан өрийн босго гүйцэтгэх засаглалыг ажлаа хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болно гэдгийг улстөрчид тооцсон байна лээ. Дээрх босго үзүүлэлтээр тэдний шаардаад байгаа валютын урсгалыг наашлуулах, гадны хөрөнгө оруулалт татах, зээл тусламж авах бололцоогүй, хуулиндаа захирагдана. Тиймээс  л ирэх хаврын чуулганаар төсөвт дахин тодотгол хийх шаардлагатай тулж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны томилолтоо арлын Японд оронд айлчилж эхлүүллээ. Тэрбээр Япон улсаас хөрөнгө оруулалт татаж, “мөнгө босгох”-оор зорьж яваа. Гэхдээ л өнөөх өрийн босгын хэмжээг давбал танхимаар нь огцруулна шүү гэх парламентын захиас ч чихээ сонсогдсоор байгаа биз.


Намрын чуулган ирэх долоо хоногт завсарлана. Энэ долоо хоногт амжиж  Засгийн газарт чиглэл өгөх зэрэг хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа батлан, цэгцлэх байх. Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг  намрын чуулганд багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч улс төрийн намууд зөвшилцөөнд хүрч чадаагүйгээс хойшлогдох бололтой.  Намрын чуулган улс төрийн ээдрээт нөхцөл байдал цаг сунган үргэлжилж байна.  Хаврын хавсрагаар улс төр үүнээс илүүтэй шуурна  гэсэн таамаглал аль эрт гарсан байна лээ. Гэхдээ улс төр хуйлран шуурч байсан ч  хонин жил  монголчууд биднийг ивээх биз ээ.


Н.Энхбат


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayarshogt:
ene zasag neg l bish ee.ajil khiij baigaa yam agentlag l lav alga baina. kharin halaa selgee tomilgoo l hamgiin chuhal ajil bolood baina daa.turiin ajil tun kharamsaltai baina daa
2015-02-10
chuuulg uulzalt:
honin gurvel mun yu
2015-02-10
сараа:
одоо цалин өг цалин өг цалин өг 1сар 2сар цалин өг мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө
2015-02-10