Хөлбөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчид

img

Эрх мэдэлд хүрч, наймаагаа дэлгэрүүлэхийг санаархаж байна

  

2014 оны 11-р сарын 10-нд “Эрчим” клубын удирдлагаас Монголын Хөлбөмбөгийн холбоонд тодруулга авахаар хүсэлт гаргаснаар нэгэн булхайтай хэргийн сэжүүр сөхөгдөн олонд ил болсон билээ. Шууд утгаараа хүний наймаа хийсэн этгээдүүдийн нэр ус ч тодров. Тэд бол японы иргэн Такеши Моримото, Дэрэн клубын эзэн гэгдэх Г.Мөнхчулуун, тэднийг өөгшүүлэн дэмжигч Б.Мэдрээ нар юм.



Хүний наймаа хэрхэн явагдаж байв?

  

Спортын салбарт тамирчдыг наймаацах, клубууд хоорондоо солилцох явдал хэвийн үзэгдэл гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ нь маш хатуу хяналт дор, тодорхой журмаар явагддаг болохоос хэн дуртай нь, тааралдсан тамирчнаа хаа хамаагүй зарах боломж огтхон ч биш. Тогтсон журмаар бол агент буюу зуучлагч нь өөрийн улсын болон ОУАХБХ-нд шалгалт өгч ийм төрлийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх авч бүртгэгдсэн байх ёстой ажээ.

  

Гэтэл ОУХБХ болон Японы Хөлбөмбөгийн Холбооноос ирүүлсэн албан ёсны мэдээллээр ямар ч зөвшөөрөл, сертификатгүй, бүртгэлгүй Т.Моримото гэгч Дэрэн клубын эзэн Дэрэннаран ХХК-ийн захирал Г.Мөнхчулуунтай үгсэн хуйвалдах замаар Сумида хэмээх хаана ч бүртгэлгүй хөл бөмбөгийн клуб байгуулж, нэр дээр нь монголын багачуудыг гадагш зарах наймааг эхлүүлсэн байдаг. Тэрээр бяцхан тамирчид, тэдний ар гэрийнхний эрх зүйн мэдлэг, чадамжгүй байдлыг ашиглан асар хямдаар, олон улсын жишиг, эрх зүйг үл тоомсорлох байдлаар цэвэр хууль бус хүний наймаа хэлбэрээр ажиллаж иржээ.

  

Т.Моримото нь ОУХБХ, Японы ХБХ болон монголын холбогдох хууль, дүрэм журмыг хэрхэн зөрчснийг тоочвол:


-  Мэргэжлийн агент биш,  мэргэжлийн тамирчдын гэрээ байгуулах лицензгүй болох нь тогтоогдсон. ФИФА-гийн агент тусгай сертификат, тамга тэмдэгтэй байх ёстой. Т.Моримотод ямарч тамга, тэмдэг байгаагүй.


-  ОУХБХ-ны дүрэмд "мэргэжлийн тамирчны гэрээг хоёроос дээшгүй жилийн хугацаатай байгуулах ёстой" гэсэн заалтыг зөрчиж, монголоос гадагш худалдсан тамирчидтай гурван жилийн гэрээ байгуулсан


-  Тамирчин наймаацах гэрээг агентууд тамирчны эх орны ХБХ-гоор заавал дамжуулж, тэдний зөвшөөрөл, хяналт дор ажил хэрэг болгодог нийтлэг журмыг үл хэрэгсэн нууцаар, хувийн журмаар гэрээ хийсэн.


-  Тамирчидтай байгуулах гэрээг ФИФА-гаас батласан гэрээний маягт дээр байгуулах ёстой. Гэтэл Моримото тамирчидтай хувийн гэрээ байгуулсан.


-  Агент нь ямар нэг клубт харъяалагддаггүй байх ёстой. Гэтэл Т.Моримото “Сумида”, "Дэрэн-сумида" гэсэн клубуудэд эзэмшилтэй байсан. Үүнээс “Сумида” гэх клуб нь МХБХ-нд бүртгэлгүй.

  

Албан ёсны эрхгүй хүнийг агент гэхгүй. Тэгэхээр ченж л болж таарна. Моримото монголын бяцхан тамирчдыг гадны клубуудэд зарж, үнэлгээний тал хувийг өөртөө авдаг байх магадлал хийсэн гэрээ, тохиролцоонуудаас нь тодорхой харагддаг. Яг одоо мэргэжлийн тамирчны цалин хөлс, гэрээний үнэлгээ 10 мянган ам.доллар байна. Гэтэл ченж Т.Моримото монголын тамирчидтай 5 мянган ам.долларын дүнтэй гэрээнүүд байгуулсан, эрүүл мэндийн даатгал болон тээврийн зардлыг тамирчинд өөрт нь хариуцуулсан зэрэг сэжигтэй үйлдлүүд бий. Ченж Моримото нь хууль бус үйл ажиллагааныхаа улмаас монголын цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд одоогоор монголоос гараагүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Энэ ченжийг Г.Мөнхчулуун, Б.Мэдрээ нар нуун дарагдуулж байх ч магадлалтай гэсэн мэдээлэл хуулийн байгууллагад ирсэн гэнэ. Ченж Моримото хуулийн байгууллагад мэдүүлэг өгч эхлэбэл түүний хань хамсаатан, өөгшүүлэгчид тодорхой болж, нотлогдох учраас МХБХ-ны сонгууль хүртэл нуун дарагдуулахыг чармайж байж ч магадгүй юм.



Хөлбөмбөгийн ченжийг өөгшүүлэгчид хэн бэ?

  

Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг илтэд зөрчсөн, албан ёсны зөвшөөрөлгүй хүн яагаад монголын хөлбөмбөгт дураар дургих болов гэдэг асуулт эндээс зүй ёсоор төрнө.

  

Дэрэн клубын эзэн Г.Мөнхчулуун нь ченж Т.Моримотог анхлан урьж авчран, монгол дахь ар тал нь болж хууль бус үйл ажиллагаа явуулах түнш нь болж байсан шинж илтэд буй. Тэрээр Моримототой хамтран "Дэрэн-Сумида" гэж клуб байгуулан, дотоод, гадаадын уралдаан тэмцээнд тамирчид оролцуулж байснаа япон эрийн хууль бус үйлдэл илэрч, шалгагдах мөчөөс эхлэн Сумида гэх үгийг багийнхаа нэрээс авч хаян, Моримотог танихгүй шахуу юм ярих болсон билээ. Г.Мөнхчулууныг санхүү болон үйл ажиллагаагаар ивээж ирсэн хүн нь Б.Мэдрээ юм.

  

Капитрон банкны 12.60%-ийг эзэмшигч Б.Мэдрээ нь Г.Мөнхчулуунд зээл олгож, түүгээрээ дамжуулан удирдан чиглүүлж байдаг гэх яриаг Б.Мэдрээ үгүйсгэдэггүй бөгөөд зөвхөн "ХХБ-нд энэ явдал хамаагүй" гэж нотлохыг хичээж иржээ. Капитрон банкнаас, эсвэл Б.Мэдрээгийн хувийн ББСБ-аас, бүр хувиасаа ч зээл олгочихсон байж болох. Энэ нь хуулийн дагуу хэрэг, буруутгахад хэцүү. Гол нь өгсөн зээлээрээ түрий барин МХБХ-ны эсрэг ашиглахыг оролдож байгаа гэдэг нь таагүй. Г.Мөнхчулуун нь хөл бөмбөгийн холбооны дотор яс хаях, тамирчид дасгалжуулагчдыг удирдлагын эсрэг турхирах зэрэг бусармаг ажлаа Б.Мэдрээгийн зааварчилга, санхүүгийн удирдлага дор хийж ирсэн нь хөлбөмбөгчдөд тов тодорхой. Тийм болохоор ченж Т.Моримотогийн хүний наймааны асуудал Б.Мэдрээгийн оролцоо, хяналтаас гадуур явагдаагүй байж таарна.

  

Ченж Т.Моримотогийн хууль бусаар олсон орлоготой холбогдох эсэхийг ч шалгах, нягтлахад гэмгүй. Тодорхой мэдээллээс үзэхэд Б.Мэдрээ нь Хүн амын орлогын албан татварт орлогоо бүрэн мэдүүлээгүй, зөвхөн ХХБ-ны гүйцэтгэх захирлын цалингаа мэдүүлсэн гээд байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, татвараас нуусан орлогыг нь илрүүлэх чиглэлээр ажиллабал төсвийн орлого эрс нэмэгдэх ч боломж гарах юм билүү. Төсөв алдагдалтай байгаа үед бага ч гэсэн нэмэр болох байх.


  ОУХБХ-ноос гишүүн орнууддаа мэргэжлийн хөлбөмбөгчдийн гэрээг далимдуулж хүний наймаа хийгдэж буй асуудлын талаар байнга, хатуу анхааруулдаг. Ихээхэн эмзэг асуудал. Учир нь ази, африк, латин америк, зүүн европын буурай орнуудад хөлбөмбөгөөр дамжуулан хүний наймаа хийх явдал удаа дараа гарсан билээ. 2014 оны Хүний наймааны тайлангаас харахад АНУ гурван улсыг Хүний наймааны хамгийн аюултай бүсэд оруулснаа зарлажээ. Үүнд: Тайланд, Малайз, Венесуэль улсууд Хүний наймааны хамгийн доод зэрэглэл "Tier 3" хэмээх аюултай түвшинд бичигдэж байна. Эдгээр улсуудын янз бүрийн салбарт боолын хөдөлмөр өргөн ашигладаг нь аюулын харанга дэлдэж байгаа ажээ. Гэтэл японы ченжтэй гэрээ байгуулсан тамирчид бүгд Тайланд руу гарахаар байгаа. ОУХБХ-ны сэрэмжлүүлээд байгаа аюул монголд хэдийнээ нүүрлээд байгаа баримтыг үгүйсгэхэд хэцүү болж байна.


 Т.Моримото болон монгол өөгшүүлэгчид нь тамирчин хүүхдүүдийн эрх зүйн чадамжгүй, ойлголтгүй байдлыг нь ашиглан, төөрөгдүүлж А.Мөрөнг тайландуудад зарсан бөгөөд хожим нь “Эрчим” клубын  тамирчид М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ, “Хоромхон” клубын тамирчин Х.Цэнд-Аюуш нарыг хууль бусаар зарахаар завдаж байгаад илчлэгдэж, МХБХ-ноос хориг тавиулсан билээ.


  МХБХ-ны шинэ удирдлага хууль, дүрмээ нягт сахиж, эрх зүйн мэдлэгтэй, хүний эрхийн мэдрэмжтэй ажилласнаар хүний наймааг таслан зогсоосон байдаг. МХБХ нь хөлбөмбөгчдийг гадаадын мэргэжлийн клубуудэд хууль ёсны дагуу гэрээ байгуулан тоглох явдлыг бүрэн дэмжиж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд харин үүнийг далимдуулан хөлбөмбөгийн нэр дор хүний наймаа эрхлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан юм.


  МХБХ-нд бугшсан хэрүүл, гүтгэлэг, хууль бус ажлыг санхүүжүүлэгч, зохион байгуулагч нь явж явж Б.Мэдрээ гэнэ. Тэрээр Г.Мөнхчулуун, И.Отгонбаяр, Б.Сугар нарыг өөрийн дураар залж, хөдөлгөж байдаг гэх агаад энэ удаад ч тэднийг МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх башир явуулгадаа татан оролцуулж, ашиглаж байна. Дан ганц Дэрэн клубт хамааралтай хүмүүсээр МХБХ-г дүүргэх, тэдний тусламжтай, хяналтгүй, дураар аашлах замаа засах гэж өвгөн Мэдрээ ихэд хичээж, улайрч байна.






Өвгөн Б.Мэдрээ гэж юун этгээд болохыг эрэн сурвалжилж тодруулбал дараах зүйлс илэрч байна. ХХБ-ны гүйцэтгэх захирлын албыг хашихын зэрэгцээ Капитрон банкинд хувь эзэмшдэг, мөн хувьдаа ББСБ-тай энэ этгээд үнэн хэрэгтээ хөл бөмбөгт шинэ, ариухан хүн биш юм. МХБХ-ны удирдлагад анхнаас нь шургалж, бүх зүйлд нь хуруу хошуугаа дүрж явсны хувьд алдаа, булхайг адилхан үүрэлцэх учиртай нэгэн ажээ. Гэтэл ерөөсөө өмнөх удирдлагуудыг таньж мэдэхгүй, хамтарч байгаагүй цэвэр ариухан хүний дүрийг эсгэх болсон. "Би ХБХ-ны удирдлагынханд бууж өгч явалгүй, шинэчлэлийн төлөө тэмцдэг л байж" гэх мэтээр гансран суугаа энэ өвгөн бэрхшээлийн өмнө бууж өгдөг тэр зангаа ахиж гаргахгүй гэх батлагаа байхгүй. 50 гарсныг(Мэдрээ 62-той) сургаж болдоггүй гэж үгтэй юм.


  Энэ өвгөн улс төрд маш их далд явуулга, хоёр нүүрийг гаргаж хутгаж ирсэн байх агаад хувийн амьдрал, ёс зүйн хувьд ч яриад байгаа шигээ ариухан хүн биш байна. Бид энэ удаад хувийн амьдрал, амрагийн явдал зэргийг дэлгэхээс татгалзан улс төр, санхүүд хутгасан бантан, хоёр нүүрнийх нь талаар цухас дурдъя. Бусармаг явдал нь даамжирвал бусад "ариун явдлыг" нь баримт, эх сурвалжтайгаар дэлгэн харуулахаар нөөцөллөө.


  Хоёр нүүртэй явуулгынх нь захаас тоочвол: Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, ТҮЦ машиныг амаа олохгүй магтаж байсан атлаа хэрэг дээрээ ХХБ-нд зээлийн өргөдөл гаргасан хүмүүсийн материалдаа хавсаргасан “Төрийн үйлчилгээний машины” лавлагаа, тодорхойлолтыг хүчингүйд тооцож байжээ. Цаад зорилго нь Ерөнхий сайдыг дарамтлах замаар Р.Бурмааг УИХ-аас эргүүлэн татуулж, өөрөө жагсаалтаар УИХ-Д орох мөрөөдлөө биелүүлэхэд оршиж байсан нь хожим тодорсон билээ. Ардчилсан намын удирдлагууд тэнэг хүмүүс биш болохоор төрийн шийдвэрийг үл ойшоож, хоёр нүүр гаргадаг хүнд төрийн хариуцлагатай албыг хариуцуулж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрч байжээ. Төр ажил хариуцах чадваргүй гэж үзсэн хүн, Төрийн бус байгууллагын ажлыг удирдаж дийлэхгүй нь тодорхой.


  Өвгөн Б.Мэдрээ гишүүн болох мөрөөдлөө мартаж чадалгүй бусармаг алхмаа үргэлжлүүлсэн нь Р.Бурмааг хэвлэлээр болон таньж мэдэх хүмүүсээр дарамтлуулан, элдвээр бичүүлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг шахах болсон байдаг. Энэ талаар сайд Р.Бурмаа: Би аргаа бараад гишүүнээсээ татгалзаж, ганцхан сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлтийг гаргасан. Миний дараа орох хүн бол Д.Мэдрээ. Тэр хүн жил хагасын хооронд "УИХ-ын гишүүн болоод яахав, нэгэнт хийгээд эхэлсэн ажлаа хий гэсэн" гэжээ. Б.Мэдрээ өнгөн дээрээ ингэж хэлсэн мөртлөө араар нь маш их явуулга, дайралтыг санхүүжүүлэн, хэвлэлээр дэгдээсэн бөгөөд олон жил сайн мэдэх хүмүүс нь түүнийг "ил хэлж, ярьж чаддагүй, цаг үргэлж араас хутгалдаг хуншгүй этгээд" хэмээн тодорхойлж байна.


  Тэрээр энэ чанараа өөрийн найзууд болох алт, дилерийн хэрэгт холбогдсон Д.Сүх-Эрдэнэ, Монгол банкны Ерөнхийлөгч болсон  Н.Золжаргал нарт ч харуулж байжээ. Хуншгүй этгээд Монгол банкны Ерөнхийлөгчөд нэр дэвшсэн Н.Золжаргалыг хэвлэлээр муулах ажлыг сэм зохион байгуулан, санхүүжүүлж "Монголбанкинд Н.Золжаргал хэн ч биш" гэх зэрэг ярилцлага өгч байсан хирнээ уулзахаараа "Чи л болох ёстой. Чамайг үхтлээ дэмжиж байгаа" гэж манжилдаг байсныг банкны салбарынхан жигшин дурсдаг. Өвгөн Мэдрээ яг ийм зангаараа хөл бөмбөгийн ертөнцийг хагалан бутаргаж, талцан хэрэлдүүлж байгаа. МХБХ-ны удирдлагад суучихвал яах ч юм билээ.


  Энэ өвгөний банкны салбарт хийх гэж байсан том луйврыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээд, газар авахуулалгүй таслан зогсоожээ. Юун хэмээвээс Б.Мэдрээ өөрийн байгууллагын 50 хувийн хөрөнгө оруулалттай Mostmoney үйлчилгээ гэгчийг Засгийн газраар дарамтлуулах замаар арилжааны банк бүрт 3 тэрбум төгрөгөөр шахах санаа сэдсэн байжээ.  Нийтдээ 52 тэрбум төгрөгийг гувчуулах гэж байсан энэ луйвар нь монгол улсын хуулийг хэд хэдэн зүйл заалтаар зөрчиж байсан юм. Нэгд, арилжааны банк нь ямарваа аж ахуйн нэгжийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмших бол Монгол банкнаас зөвшөөрөл авч, бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Хоёрт, банк хоорондын клерингийн үйлчилгээг зөвхөн Монгол банк хийнэ гэсэн заалтыг зөрчсөн. Гуравт, нэг арилжааны банк бусад арилжааны банкныхаа нийт гүйлгээ, арилжааны нууцыг алдагдуулах нөхцлийг бий болгохыг санаархсан зэрэг болно. Ийм илэрхий луйвар, хувийн ашгийг эрхэмлэсэн гэмт хэргийн шинжтэй зүйл санаачлан, Засгийн газраар дэмжүүлэхээр лобби хийж явсан гэж бодохоор алхам тутамдаа хууль, дүрэм зөрчиж, ёс зүйгүй аашлаж ирснийх нь учир шалтгаан тодрох байх.

  

Ийм хүн МХБХ-ний Ерөнхийлөгч болбол самраад, цацаад л дуусах байх. Тэрээр Ерөнхийлөгч болж үзэх оройтсон хүсэлдээ хүрэхийн тулд FIFA болон МХБХ-ны дүрмийг өөрийн гар хөл бологсдоор зүйл бүрээр зөрчүүлж, орон нутгийн хөлбөмбөгчдийг сонгуульд оролцуулахгүй байх башир аргыг сэдсэн нь эсэргүүцэлтэй тулгараад байна.


  Нэг анхаарах зүйл байгаа нь ХХБ-ны удирдлагууд санаатайгаар монголын ТББ-уудын удирдлагыг гартаа оруулахыг чармайж байгаа шинж тэмдэг юм. Тэд саяхан Монголын банкны холбооны гүйцэтгэх удирдлагыг авсан. Одоо МХБХ-нд савраа дүрэхээр элдэв явуулга хийн, өвгөн Мэдрээг турхирч байна уу. Б.Мэдрээ хувийн санаархалдаа өөрийн гар, хөл бологсдыг ашиглан, турхирч, спортыг улс төржүүлэх гэж хичээхдээ монгол улсын Ерөнхийлөгч рүү нэр усгүй, гүтгэлэгээр дүүрсэн ил захидал гэгчийг зохион бичүүлжээ. Задарсан өвгөний ядарсан явуулгад орох төрийн түшээ, удирдагч одоогоор олдохгүй болов уу.


  Ойр дотны хүмүүсийнх нь нотлон ярьсан бичлэгээс үзэхэд Б.Мэдрээ Г.Мөнхчулуунд хөдөө сумдад баригдах хөл бөмбөгийн талбайн тендерүүдийг бүгдийг өгөх амлалт өгсөн гэнэ. Гэтэл Г.Мөнхчулуун нь Дэрэннаран ХХК-ийн нэр дээр хөл бөмбөгийг талбай барих тендер урд нь авсан ч МХБХ-нд гүйцэтгэлийн тайлангаа гаргаж өгөхөөс цааргалан өнөөг хүргэсэн байна. МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болох гэу улайрч буйн цаад учир нь өмнөх тендерийн гүйцэтгэлийг цайруулах, ахин хөлбөмбөгийн талбай барих ажлуудыг хувийн компанидаа хуваарилах байх ч магадлалтай.


  Б.Мэдрээ нь удирдах ажил, менежментийн ямар ч чадваргүй, ам, ажил нь ямагт зөрж байдаг нэгэн гэнэ. Наад захын жишээ нь, түүний гүйцэтгэх удирдлага хангалтгүй байснаас ХХБ-ны чанаргүй зээл, муу зээлийн хэмжээ сэтгэл түгшээх хэмжээнд очжээ. Арилжааны банкнууд дотор хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээгээр дээгүүр бичигдэх болсны учиг нь чухамдаа Б.Мэдрээ байгууллагынхаа эрх ашгийг хувийнхаас доогуур тавьдагт л буй. Банкных нь ТУЗ удаан тэвчихгүй. Мань хөгшин ч ажилдаа тэсэхгүйгээ мэдээд суух сандал хайсан нь МХБХ-ны Ерөнхийлөгч бололтой. УИХ-ын гишүүний суудал түүнд ахадсан, Санхүүгийн Зохицуулах хорооны даргад санаархаад одоогийн ажлын үзүүлэлт нь унагасан.


  Гол нь дараах асуултууд мань өвгөн хариулчих хэрэгтэй байх. Б.Мэдрээ хөл бөмбөгийн нэрээр хүний наймаа эрхлэгчдийг дэмжиж байсан нь ёс зүйн хувьд Ерөнхийлөгчид тэнцэх үү? Хүний наймааг дэмждэггүй юм бол Т.Моримото, Г.Мөнхчулуун нарыг монголын хөл бөмбөгөөс холдуулахгүй яагаад өөгшүүлнэ вэ? МХБХ-ны дүрэм, FIFA -гийн дүрмийг ойлгох, мөрдөх чадвар энэ хүнд байна уу? Байгаа бол гар хөл бологсдоороо сонгуулийн хороог дүүргэх, үймүүлэх ээ больж чадах уу?


  Энэ хүний гарт МХБХ-ны эрх мэдэлд орвол хөл бөмбөгийг бус хүний наймааг цэцэглүүлж, хамаг өөдтэй тамирчныг зараад, үрээд дуусах магадлал одооноос харагдаж байна. Ийм өтөл нэгнээр холбоогоо самруулж байснаас менежментийн чадавхаа нотлочихсон, залуу үеийн төлөөлөл Хоромхон клубын Т.Лхагвадорж, Арвис клубын А.Ганбаатар нараас сонголтоо хийх нь цаг үетэйгээ хөл нийлүүлсэн хэрэг болох байх. Орчин цагт хуйвалдаанд гаргуу нь бус хууль, дүрэм барьдаг, хэлтэй устай харилцааны чадавхитай, менежмент мэддэг нь хол явдаг, үнэлэгддэг болсон. Б.Мэдрээ оросоор "драасчий" гэж мэндлэх, англиар Хэллөү гэхээс цаашгүй нэгэн гэх агаад японы төлөөлөгчидтэй уулзахдаа "тошиба" гэж мэндэлсэн гэдэг шог яриа  хөлбөмбөгчдийн дунд байх ажээ. Харилцааны ийм дорой төвшний хүн FIFA-тай ойлголцоно гэдэг бухнаас сүү гарахтай л адил хэрэг болох байх даа.


Сайн бод, сайтар тунгаа! хөл бөмбөгчид өө.


Хөлбөмбөгийн фанат Б.Баcзаяа


Эх сурвалж: Тойм сэтгүүл


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нстө:
ганбаатар одоо болно доо. их ч хүмүүсд төлбөр хийж нэгиийгээ муулах юм . бөмбөг бөөрөнхий байдгийг мэдэх үү. энэ башир явуургүй аргас чинь болоод фифа хориг тавьчихвал хэдэн муусайн хөлбөмбөгчид маань л хохирно. чи болон танай багийнхан хаяад л явна. фанат гэх басзаяа гэж хэн бэ. нүүр царайгаа харуулж байгаад ил тод хэлэх үгээ хэл. мэдээлэлийн хэрэгсэлээр бичгээр муухай ш дээ. өөрийн чинь хэлсэнээр араас нь хутга шааж байгаа хэрэг. жинхэнэ түгжилдээд л байна даа.
2015-02-11
ха ха :
энэ тойм сэтгуул голомт банкны баясгалангынх биздээ.тэгээд ч б.басзаяа гэж ямар фанат байнаа батзаяагийн нэрээр хар пиар хийж байгаа юм байхдаа.гаабий баясаа сонирхол нь нийлчих юм байна даа.энэ мэдээлэлд ямар ч унэн алга даа даанч.
2015-02-10
ха ха :
энэ тойм сэтгуул голомт банкны баясгалангынх биздээ.тэгээд ч б.басзаяа гэж ямар фанат байнаа батзаяагийн нэрээр хар пиар хийж байгаа юм байхдаа.гаабий баясаа сонирхол нь нийлчих юм байна даа.энэ мэдээлэлд ямар ч унэн алга даа даанч.
2015-02-10
hudlaa shuu:
za naad morimotog chin anh hulbumbugiin holboonii mori ganbold anh uulzaad baganuuraas zorig gedeg hunii huuhed odoogiin shig*e bagiin toglogch battulga gedeg huuhdiig anh japan yavuulsan shuudee. daraa n moriin avgai maya ajaa bas morimototoi hamtarch murung thailand yavuulsiin. ene tuhaigaa mff iin site d hurtel bichsen bgaa. orood unsh. uhsen *nii chin medree , munhchuluun bee? mori ganboldoosoo asuugaad hun gutgeech
2015-02-10
хөлбөмбөгийн фанат:
мэдрээ тэр хөдөө царайлсан ганбаатараас аль ч талаараа дээр гэж бодож байна.
2015-02-10
zochin:
энэ тэгээд хүний наймаа мөн үү, цаадуул нь ямар боолчлолд өртсөн юм бэ?
2015-02-10
cochin:
bayarlalaa
2015-02-10
hehe:
ene holboonii erunhiilugchiin tuluuh alaan nileen gazar avch bna aa. hugjuulj chadah ni l av l daa. fifa gaas mfa d olgodog mungiig olon jil idej uusan humuus bii. odoo terniig uur deeree avch byaluugaa avah geed alaltsaad bgaamaadaa. hugjuulj chadah ni songogdoo. har pr hiij yum hum bichuuleed bgaag bodohod ene ehiin zahialagch uls turiin hun bh. uls turch hund holboog ugmuurgui bna aa.
2015-02-10
ээ чааваас:
энэ юу вэ,хүнийг гүтгэнэ гүтгэнэ гэхэд арай хэтэрлээ. хар пайрчин чин гэхэд арай дэндэнэ ээ. энэ ямар монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль биш, төрийн бус байгууллага холбооны сонгууль биздээ. ээ чааваас даа гэхээс өөр хэлэх үг алга даа хөлбөмбөгчид өө
2015-02-10