“Тогтвортой хөгжлийн боловсрол” уулзалт үргэлжилж байна
ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалт Засгийн Газрын 11-р байрны хоёр давхрын хурлын танхимд болж буй юм.
Энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь өнөөдөр Монгол Улсад тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэхэд тулгараад байгаа асуудлууд, энэ чиглэлээр авсан арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх, мөн тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлууд болох уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцаж эдгээр асуудлуудыг боловсролын салбар бусад салбаруудтай хэрхэн уялдуулан шийдвэрлэх талаар хэлэлцэх, үүнд олон нийт, хүүхэд залуучуудыг татан оролцуулах боломжуудыг тодорхойлох зэрэг асуудлуудыг авч хэлэлцэж байгаа аж.
Тус арга хэмжээнд хот болон хөдөө орон нутгийн холбогдох байгууллагуудын төлөөлөгчид, оюутан залуус, сурагчдыг хамруулан нийт 250 орчим хүн оролцож байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн баг хөдөө орон нутгаас ирэх төлөөлөгчдөө тусад нь хүлээн авч уулзаж ярилцаж байгаа аж. Чуулга уулзалт маргааш өндөрлөнө.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ