С.Мэндсайхан: Эдийн засгийн өсөлт 7 хувьтай байгаа
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮСХ-ны дарга, АТГ-ын дэд даргыг томилох
асуудлыг эхлэн хэлэлцэх юм. Дараагаар нь
Ашигт малтмалын тухай, Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тухай
хуулийн төслүүдийг хаалттай хэлэлцэнэ. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы
хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталлаа.
ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг томилуулахаар санал болгосныг хуулийн дагуу УИХ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Нэгдүгээр сургууль, МУИС-д, МСДН-ын дарга, Байгаль орчны сайд, ҮСХ-ны дарга албыг тус тус хашиж байжээ. Түүнийг ҮСХ-ны даргаар улируулан томилуулахаар санал болгож байгаагаа спикер танилцуулсны дараагаар Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг сонслоо. Дараагаар нь гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Байнгын хороон дээр нэр дэвшигчийн талаар эсрэг саналтай ямар гишүүд байсан бол. Яагаад гэвэл Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг хямраагүй гэсэн худал мэдээллийг өгч байгаад огцорсон. Гэтэл дээрх тоо баримтыг ҮСХ-ноос өгч байсан. Мөн өрийн таазын талаар мэдээллийг хэн өгч байсан бэ? Хоёр жил гаруй бидэнд худал мэдээлэл өгсний буруутан хэн бэ?
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:
-Манай байнгын хорооны гишүүдээс өнгөрсөн Засгийн газрын үед гаргаж байсан статистик мэдээллийн талаар яриа өрнөөгүй. Орон нутгийн байгууллагаас гаргаж байгаа, ҮСХ-ноос гаргаж байгаа мэдээлэл зөрүүтэй байдаг талаар бид ярилцсан. ҮСХ бүх аймаг, суманд төлөөлөлтэй, мэдээ мэдээллээ нэг аргачиллаар авдаг байх талаар яриа өрнөсөн.
Нэр дэвшигч С.Мэндсайхан:
-Эдийн засгийн хямралтай байгаа талаар мэдээллийг буруу өгсөн гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт эхний гурван улирлын байдлаар 7 хувьтай байгаа. Эдийн засаг хоёр улирал дараалан буурахыг эдийн засгийн хямрал гэдэг. Өнөөдөр эдийн засгийн өсөлт өмнөх өндөр хурдацтай харьцуулвал доогуур байгаа. Өнөөдөр төлбөрийн тэнцлийн хямрал бий болсон. Энэ нь санхүүгийн хямрал руу чиглэнэ гэдгийг анхааруулж байна. Статистикийн төв байгууллага 400 гаруй төрлийн багц үзүүлэлтийг хуулийн дагуу гаргаж үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу гаргадаг. Өрийн таазын асуудлыг бид гаргадаггүй. Гадаад өрийн асуудал ҮСХ-нд хамардаггүй. ДНБ-ийг зөвхөн ҮСХ гаргадаг. Сангийн яамны хувьд ДНБ-ий жилийн өсөлтийг таамагласан тоо учир статистик хамааралгүй.
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд:
-485 мянган тонн улаан буудай аваад цавуулаг нь 18-22 хувь болчихсон гэсэн тоонд би итгэхгүй байгаа. Зарим нь 40 мянган тонныг нь олохгүй байна гэх юм. Нэг орон нутагт тариалсан талбайн хэмжээ буурсан байхад хураан авсан хэмжээ нь нэмэгдсэн байх юм. Хэрвээ тариалсан талбайн хэмжээ гаргасан статистикаас зөрвөл та хариуцлага хүлээж чадах уу?
-Тариалангийн хувьд хурааж авсан буудайг жингээр нь тооцон авч байгаа. Агуулахад ирэхэд алдагдал гаргадаг технологийн процесс байдаг. Цавуулгын хувьд хурааж авсан буудайн хэмжээг тодорхойлдоггүй. Статистиикийн хувьд тоон үзүүлэлт дээр тулгуурладаг. Хэн нэгэнд нөлөөлдөггүй. Хэрвээ худлаа мэдээлсэн, өөрчилсөн байвал хариуцлага хүлээхэд бэлэн. Тариалсан талбай, ургацтай холбоотой мэдээллийг аймаг аймгаар нь гаргадаг. Нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас мэдээлэл цуглуулдаг. Тариалангийн талбай, ургацын мэдээ хоёрын дунд ойлгомжгүй мэдээлэл үүссэн байх магадлалтай.
АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар:
-ҮСХ-ны дэд даргаар Р.Содхүүг томилжээ. ҮСХ-нд улс төрийн томилгоо ороод байна уу?
-Статистикийн хуулиар ҮСХ-ны дарга нь дэд даргаа томилдог хуультай. Он гараад ҮСХ нэг дэд даргатай болсон. Мөн дэд даргаар ажиллаж байсан. Б.Эрдэнэсүрэн тэтгэвэртээ гарсан. Тиймээс би хуулийн дагуу Р.Содхүүг ҮСХ-ны дэд даргаар томилсон.
УИХ-ын дэд дарга Л.Цог:
Намын зарчмаар бялуу хувааж байгаа нь үнэн. Р.Содхүүг намын харьяаллаар ҮСХ-ны дэд даргаар томиллоо гэж байна. Өнөөдөр томилогдож байгаа нэр дэвшигч ч улс төрийн томилгоогоор томилогдож байгаа шүү гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Б.Ганбат:
-Манайд жил хичнээн хүн ядуурлаас гардаг, хэдэн саятан байдаг вэ?
-Мал тооллогын хувьд үндсэн тоон дээрээ итгэлтэй байдаг. Гэхдээ зарим нэг зөрчлүүд бичигддэг. Сүүлийн үед банкныхан мал тооллогын мэдээллийн сангаас малчны малын тоог баталгаажуулах үүднээс авдаг болсон. 118 мянган төгрөгийн орлоготой эсэхээс ядуурлын төвшин тогтоодог. 2013 оны хувьд нийт хүн амын 24.4 хувь нь ядуу байсан. Ер нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны төвшин малын тооллогоос хамаардаг. Цөөн тооны малтай иргэд багассан байсан.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар ҮСХ-ны даргаар С.Мэндсайханыг томилох санал хураалт явуулахад дийлэнх нь дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ