Дайнд цэг тавихыг хүсч байна
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр “ВВС”
агентлагт ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Дөрвөн жилийн турш үргэлжилсэн дайнд цэг тавихыг хүсч байна. Ард түмэн минь хэтэрхий олон жил зовлоо. 2011 оноос эхэлсэн иргэний дайны улмаас хэдэн хүн амиа алдаж, хэдэн хүн эх орноосоо дүрвэсэн нь тодорхойгүй байна. Улсаа хямралаас гаргахын тулд олон улсаас тусламж авах чин хүсэлтэй байна. Сири иргэний дайн болон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлээс болж өвдөг сөгдөж буйг нуухгүй. Сирийг хямралаас гаргахын тулд АНУ-аас ч тусламж авахад бэлэн байна” гэж хэлжээ. Ассад мөн хүч хэрэглээд ч хамаагүй хэт даврагчидтай тулалдахаа мэдэгдэж, цус урсгахгүйгээр газар нутгийг нь чөлөөлөхийг сануулсан байна. Өнгөрсөн оны байдлаар хэт даврагчдын гарт Сирийн 1400 иргэн амиа алджээ. Мөн иргэний дайны улмаас тус улсын хэмжээнд 140 мянган хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн дүрвэсэн гэх судалгааг НҮБ гаргасан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ