АМГ-ын хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл хийх үедээ Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгоно хэмээн мэдэгдэв.
Учир нь Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгосон. Уг АМГ-ын үйл ажиллагаанд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ.
АМГ нь Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй эрхлэгчид өргөдөл гаргах эрхийг олгохдоо VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдан авсан байх, уг төхөөрөмжийг ашиглан дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийг долоо хоногт 500 мянган , нэг сар ашиглахад 2 сая төгрөгөөр худалдан авсан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл ашигт малтмалын газарт уг төлбөрүүдийг хураан авах эрхийг олгосон хүчин төгөлдөр шийдвэр буюу эрх зүйн үндэслэл байхгүй аж.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар журамласан байх бөгөөд уг хуулиар өргөдөл гаргах эрхийг цахимаар тараах, өргөдлийг цахим дугаарын дагуу хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтгүй байхад АМГ-ын зүгээс уг үйл ажиллагааг эрх зүйн үндэслэлгүйгээр, зөвхөн даргын тушаал гарган, аж ахуй эрхлэгчдийн хуулиар олгогдсон өргөдөл гаргах эрхийг хязгаарласан буюу хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан байна.Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан АМГ-ын хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна” хэмээн мэдэгдэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ