Багш нар Ш.Сарантуяатай хамтарч ажиллахгүй гэв
Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалттай холбоотойгоор шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр ялалт байгуулсан Ш.Сарантуяа гэх эмэгтэйг ёс зүйгүй, удирдах албан тушаалд тэнцэхгүй гэж мэдэгдсэн юм.
f
Энэ үеэр тус сургуулийн ҮЭ-ийн хороон дарга Д.Болормаа “СХД-ийн 62-р дунд сургуулийн захирал асан Ш.Сарантуяа захирал хийж байх хугацаандаа удирдах ажилтны ёсгүй олон удаагийн үйлдэл гаргаж байсан. Тиймээс манай хамт олон энэ хүнтэй ахин хамтран ажиллах боломжгүй гэх шаардлагыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байна. Уг нь бид өнгөрсөн даваа гаригт буюу 2-р сарын 9-ний өдөр хэвлэлийн хурал хийж, шаардлагаа зохих газарт хүргүүлэх гэсэн боловч Ш.Сарантуяа манай хамт олныг Чингэлтэй дүүргийн цагдаад “бусдын нэр хүндэд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргасан байсан. Ш.Сарантуяа захирал хийж байх хугацаандаа багш ажилчидад сэтгэлзүйн дарамт үзүүлж, таалагдахгүй бол шууд ажлаас халах эсвэл захиргааны хариуцлага тооцох нэрийдлээр цалин хасдаг байсан. Мөн жил дараалж хүүхэд төрүүлсэн багш нарыг олны өмнө “цоллож”, эвгүй байдал оруулж байсан. Иймэрхүү дарамтнаас болж манай багш ажилчдын дунд таагүй уур амьсгал нэг бус удаа үүсч байсан. Ш.Сарантуяа захиралтай холбоотой олон баримт бидэнд бий. Тэр надруу яриад миний эсрэг дэмий юм хийгээд явах шаардлаггүй шүү гэж сануулсан. Гэхдээ бид түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж байна.” хэмээн ярьлаа. Харин тус сургуулийн багш М.Уялга “Манай сургууль 160 багш ажилтантай. Үүнээс 60-70 хувь нь залуу багш нар байдаг. Ажлын байрны дарамт гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш. Ажлын байрны дарамт ихсэхэд хамт олны уур амьсгал “хөрдөг”. Ажлын чанарын төлөө биш хэн нэгэнд таалагдахын тулд ажиллаж эхэлдэг. Би ингэж ажилмааргүй байна. Бид чанартай боловсролыг сурагчдадаа өгмөөр байна” гэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ