Хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив

img

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

б

Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр талын сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбаруудыг тодорхойлсон. Энэхүү хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 67 дугаар захирамжаар "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр" байгуулах асуудлаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг, шинжээчдийн багийг томилсон тухай хууль санаачлагч танилцуулав. Уг Ажлын хэсэг, шинжээчдийн багт холбогдох яам, агентлагийн нийт 100 гаруй албан тушаалтан, мэргэжилтэн 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хийсэн байна.

х

Хэлэлцээрийн хүрээнд барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуйн арга хэмжээ, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь хүний шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлаар хэлэлцээ хийх аж. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг юм. Уг хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газар батлах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ